СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.Жавзан: Эцэг эхчүүд "хүүхэдтэй харилцах харилцаа"-гаа хөгжүүлэх арга зүйд суралцахаас өөр аргагүй болсон /ВИДЕО/

СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.Жавзан: Эцэг эхчүүд "хүүхэдтэй харилцах харилцаа"-гаа хөгжүүлэх арга зүйд суралцахаас өөр аргагүй болсон /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, цаашлаад сэтгэл хөдлөлдөө автаж эрсдэлтэй алхам хийх явдал тасрахгүй гарсаар байна. Энэ нь эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын сэтгэл санааг ихээр зовоох болсон.

Тэгвэл томчууд өсвөр насныхантай хэрхэн харилцах, тэдний сэтгэл зүйн онцлог, анхаарах асуудлын талаар iSee.mn сайтын “Асуудлын өнцөг” булангийн эхний дугаарт Монголын Сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэн УЗ-ын дарга, Зөвлөх сэтгэл зүйч, MSC. Oxford University Б.Жавзантай бид ярилцлаа. Тэрбээр орчин үеийн хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, гэмт хэрэг хийх шалтгааныг нийгэмшил өөрөө бий болгож байгаа талаар бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО:

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

Сайн байцгаана уу Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх сэтгэл зүйч Б.Жавзан байна. Энэхүү мэргэжлээрээ ажиллаад 20-иод жил болсон байна. Урьж ярилцаж байгаад баярлалаа.

-Бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол орчин үеийн хүүхдүүд тэр дотроо өсвөр насны сэтгэл зүйн онцлог. “Одоогийн хүүхдүүд хэт эмзэг байна. Хэврэг байна. Туйлбаргүй байна” гэх үгийг сонсож л байсан байх. Яагаад тэгж хэлэх болов. Ер нь юу нөлөөлөөд байгаа юм бол гэдгээс яриагаа эхэлье.

Орчин үеийн гэж тодотгож асуусан учраас нэг зүйлийг тодотгож хэлье. Энэ нь юу вэ гэхээр үе гэдэг зүйлтэй холбоотой юм. Тэгэхээр орчин үеийн хүүхдийн сэтгэл зүй 1920, 1940 миний үе юм уу эсвэл та нарын үеийн хүүхдүүдтэй нээх их ялгаа байхгүй. Танин мэдэх процесс сэтгэн бодох процесс, ойлгох чадвар бүгд ялгаа байхгүй адилхан. Гол зүйл нь нийгэмшлийн ялгаанаас болоод Z generation бүх юмыг бэлэн юм шиг хүлээж авдаг болчихсон гэсэн үг. Түүгээрээ л ялгаатай. Тэгвэл яагаад бэлэнчлэх болсон бэ гээд аваад үзвэл смарт утас, смарт хэрэглээ маш өргөн ашигладаг болчихсонтой холбоотой гэж хэлж болно. 24/7 бүх зүйлийг авах боломжтой эрин үед амьдарч байна шүү дээ бид. Олон зүйлд сонирхол нь явдаг учраас үсэрдэг гэх юм уу даа. Сонирхлын тогтвортой гэдэг юм маш ховорхон. Тийм учраас орчин үеийн хүүхдүүд 1920, 1940-өөд оны хүүхдүүдийг бодвол өөр гэж бодох нь өрөөсгөл ойлголт.

-Өсвөр насны хүүхдүүдтэй хамгийн ойр байх ёстой хүн яг хэн юм бол?

Өсвөр насны үед үе тэнгийнхнээ сонсдог үе. Өөрсдийгөө насанд хүрэгчид гэж хардаг. Бид нарын зүгээс бол хүүхэд хэвээрээ. Тэгэхээр энэ насны хүүхэд хэнийг сонсдог вэ гэхээр үе тэнгийнхээ сонсож тэдний нөлөөнд автдаг,

Инфлүүзрүүдийн нөлөөнд их автдаг гэсэн үг. Тийм учраас хэн нөлөөлөх вэ гэдэг асуудал биш яаж нөлөөлөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа.

Ийм учраас эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдээ хэнтэй найзалж байна гэдгийг анхаарах нь хамгийн зөв зүйл. Дараа нь сошиал хэрэглээ. Тэд юу үзэж байна, юу сонирхож байна гэдгийг анзаарч хараад дотно ярилцах хэрэгтэй. Тэгэхдээ чин сэтгэлээсээ ойлгож байгаа юм шиг, ярьж буй зүйл нь үнэхээр сонирхол татаж байгаа юм шиг яривал илүү нээлттэй болно.

Сэтгэл зүйч Б.Жавзан

-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, цаашлаад эрсдэлтэй алхам хийх явдал ихсэх боллоо. Үүнд юу хамгийн ихээр нөлөөлж байна гэж харж байна вэ?

Эрсдэлтэй алхам өөрийгөө гэмтээх амиа хорлох оролдлого гэдэг бол өсвөр насныханд хамгийн их байх магадлалтай. Учир нь өсвөр насны хүүхэд сэтгэл хөдлөлөө зохицуулахдаа сул. Сэтгэл хөдлөлөө зохицуулах эмгэг гэж байдаг. Энэ эмгэгтэй  бага насны хүүхдүүд их ирж байна. Энэ хямралын үед гаднын хэт нөлөөнд автах юм бол хүүхэд улам цаашаагаа нуугдсаар байгаад сэтгэцийн эмгэг рүү явна. Насанд хүрэгчдийн сэтгэцийн эмгэгээр өвдөж байгаа байдал нь юутай салшгүй холбоотой байдаг вэ гэхээр харилцан статистик судалгаанаас үзэхэд өсвөр нас хүүхэд насанд үзсэн сэтгэл санааны эмгэгтэй шууд харилцан хамааралтай байна.

Бид бүгдээрээ энэ өсвөр насны хямралыг даван тулсан. Төрөлхийн гэмт хэрэгтэн гэж байхгүй. Гэмт хэрэгтэн бий болгох үндсэн шалтгаан байсан гэсэн үг.

Үймүүлэн сүйтгэх зан төлөвийн эмгэг гэж байгаа. Энэ эмгэг туссан хүүхдүүд ийм үйлдэл хийх магадлал өндөртэй. Тэгэхээр ямар нэгэн шалтгааны улмаас энэ хүүхдүүд сүүлийн үед сахилгагүйтэх эмгэг, юмыг эсрэгээр нь хийх зөн төлөвийн эмгэг, түрэмгийлэх зан төлөвийн эмгэгүүд байгаад байна. Энэ асуудлыг эцэг эхчүүд, сургууль маань анхаарахгүй бол цаашдаа нэгэнт буруу зан төлөвшчихсөн хүүхдүүд янз бүрийн үйлдэл гаргах магадлалтай. Тэр хүүхдүүд хүссэндээ тийм болоогүй.

Нийгэмшил чинь өөрөө энэ хүүхдүүдийг нөлөөнд автуулаад байна. Энд хэн буруутай вэ? Бүгдээрээ бид буруутай. Хэвлэл мэдээлэл буруутай, инфлүүзрүүд буруутай, кино өөрөө буруутай, зохиол буруутай, түрэмгийлэх тоглоомууд хүртэл буруутай байхгүй юу. Энэ хүүхдүүдийг бид яасан бэ гэхээр цагаан цаасан дээр хараар бичихэд нь нөлөөлчихсөн гэсэн үг.

-ЕБС-уудад сэтгэл зүйч ажиллах болсон. Үүний үр дүн хэр гарна гэж таны зүгээс үзэж байна?

Миний бодлоор Монгол Улс бол боловсролын системдээ сайн хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа. Чадахаараа сургуулийг нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй болгож байна. Сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ерөнхийдөө хэн бэ гэхээр өрхийн эмч л гэсэн үг. Асуудлыг илрүүлнэ. Тэр хүүхдэд цаашид нарийн сэтгэл засал арга хэмжээ авах шаардлагатай бол дараагийн шатны байгууллагад очих ёстой.

Эмнэлгээр яривал нэг, хоёр, гуравдугаар шатлал гэдэгтэй адилхан. Тэгэхээр энэ хүмүүс маань дараа дараагийн шатны хүмүүстэй харилцан хамааралтай ажиллах ёстой болж байгаа юм. Хоёрдугаарт нэг сэтгэл зүйчид хандах хүүхдийн тоо их. Энэ багш, энэ сэтгэл зүйч, нийгмийн ажилтан таны хүүхдийн асуудлыг зохицуулж өгөхийг хүлээвэл танай хүүхэд эрсдэл аюулд учрах магадлалтай.  Хамгийн гол зохицуулж өгөх хүн бол та. Аав ээж, эмээ өвөө, ах эгч нар юм.

-Эцэг эх, асран хамгаалагч нар мөн айдастай болчихсон байна л даа. Өсвөр насны хүүхдүүд хэт тогтворгүй байдаг учраас үг хэлхийн завдалгүй хаалгаа савж гарах, чангахан дуугарахад л эрсдэлтэй алхам хийх вий гэдэг болчхож. Тэгэхээр энэ асуудал зүгээр нэг ярилцаад болох асуудал биш юм шиг?

Хаалгаа саваад гарахдаа гол нь биш ээ. За уураа багасгачхаад аав ээжтэйгээ дахиад яриарай. Оволзсон уураа дарчхаад дахиад яриарай, түрэмгий дотор чинь давчдаад байгаа зүйлээ дарчхаад яриарай гэх нь гол. Хүүхэд өнөөдөр ууртай ороод ирэх юм бол “чи ууртай ороод ирчихлээ бас юу нь болохоо больчихов” “Миний охин яасан ямар буруу хөл дээрээ босчхов?” Гэвэл яаж байна өсвөр насны хүүхэд яаж хариулах уу шууд рекцлана. Тэгэхээр харилцаагаа хөгжүүлэх арга зүйд орчин үеийн эцэг эхчүүд өөрсдөө суралцахаас өөр аргагүй болчихсон гэсэн үг.