Тавдугаар сарын 23-ны 23:10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн уурхайд нэг хүн осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна.
Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.
Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг давхар хянан дэмжлэг үзүүлэхээр МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяр болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, аймгийн цагдаа, хууль, хяналтын байгууллагаас ажиллаж байгаа юм байна.
“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.
Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна. Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна.