“Petro Matad”-ын өрөмдсөн “Цэн тогоруу” цооногоос газрын тос ундран гарчээ

“Petro Matad”-ын өрөмдсөн “Цэн тогоруу” цооногоос газрын тос ундран гарчээ

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний хөрөнгө оруулалттай “Petro Matad” компани “Матад-ХХ” талбайд өрөмдлөг хийхэд “Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаараа газрын гадаргад гарч ирсэн байна. Тус компанийнхан Дорнод аймгийн Матад сумын нутагт хоёр цооног өрөмдсөн бөгөөд “Цэн тогоруу” цооногийг өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс өрөмдөж эхэлжээ.

Цооногийг өрөмдөх явцад 2650 орчим метрийн гүнээс эхлэн өрмийн хошуугаар бутлагдаж, угаалгын шингэнээр тээвэрлэгдэн газрын гадаргууд гарч ирсэн үйрмэг чулуулгийн дотор тосны ул мөрүүд үзэгдэж эхэлсэн байна. Тус компанийнхны анхны тооцооллоор цооногийн гарц өдөрт 200 торхоос илүү байх боломжтой аж.

Цооног өрөмдөхөөс өмнөх тооцооллоор уг ордоос 25 сая торх тос олборлож болно гэж үзжээ. Гэхдээ дээрх цооногоос ус гарч ирээгүй, дан тос ундарсан учраас энэ тоо нэмэгдэх боломжтой аж. Иймд, одоо туршилтын олборлолт, нөөц үнэлэх, ордыг ашиглах төлөвлөгөө боловсруулах, талбайг ашиглалтад шилжүүлэх зэрэг олон ажиллагаа хийх юм байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө