Сөүл хотын боловсролын газраас ЕБС-уудад буцалтгүй тусламжаар дахин суурин компьютер нийлүүлнэ

Сөүл хотын боловсролын газраас ЕБС-уудад буцалтгүй тусламжаар дахин суурин компьютер нийлүүлнэ

Сөүл хотын боловсролын газрын дарга Жу Хый Ён 2022 оны есдүгээр сарын 13-18-ны хооронд Улаанбаатар хотод айлчилсан. Энэ үеэр “Боловсролын мэдээллийн технологийг дэмжих” төслийн шугамаар нийлүүлсэн суурин компьютерын ашиглалт, мэдээллийн технологийн кабинетын нөхцөл байдалтай танилцав.

Тус төслийн хүрээнд багш, ажилтныг БНСУ-д урьж сургалтад хамруулах, Улаанбаатар хотод сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 3,142 ширхэг суурин компьютер, таблет зэргийг үнэ төлбөргүй нийлүүлээд байгаа юм.

Мөн төсөлд хамрагдах гэж буй нийслэлийн 115-р сургуулийн мэдээллийн технологийн кабинеттай танилцаж, цаашид нийлүүлэх тоног төхөөрөмжийн талаарх санал авчээ.

Сөүл хотын боловсролын газар нь 2022 онд Монгол зэрэг улс орнуудад нийт 150 ширхэг суурин компьютер нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн суурин компьютер нийлүүлэх, багш нарын чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах ажлуудыг улам өргөжүүлэн хамтдаа өсөж хөгжих түншлэлийн харилцааг бий болгохоор ажиллаж байна хэмээн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.