Төрийн ордонд Монголын эмч нарын VI дугаар их хурал болж байна. Энэ чуулганы үйл ажиллагаатай зэрэгцэн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг шүүмжилж иргэд төрийн ордны гадаа жагсч байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дарга нар төрийн ордонд дүгнэж байгаа бол иргэдийн төрийн ордны гаднаас шүүмжилж буй талаар товч сурвалжиллаа.
Д.Гантөмөр/эмч/: Олон жил хийгдээгүй тасалдсан эмч нарын чуулганыг хийж байгаа нь сайшаалтай. Гэвч эмч нарын чуулганд эмнэлгийн дарга нар, тасгийн эрхлэгч нарыг оролцуулж байна. Яг эмч нарын төлөөлөл болж үгээ хэлэх хүмүүсийн дуу хоолой энэ чуулганд гарахгүй гэсэн үг шүү дээ. Шууд хайрцаглагдаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбар доголдоход хүргэсэн хүмүүс бол хуралд оролцож буй удирдлагын түвшний эдгээр хүмүүс өөрсдөө. Ямар ч гаргалгаа гаргаж чадахгүй хүмүүсийг энд цуглуулах шаардлага байхгүй гэж харж байна.
Мөн дээр нь “Эмч хүн жаргалын ээж” хөтөлбөр одоогоос 3 жилийн өмнө боловсруулагдсан байдаг. Гэтэл тэр хөтөлбөрийг хэрэгжүүлсэнгүй өнөөдрийг хүрлээ. Эмч нарын нийгмийн асуудал шийдэгдсэнгүй. Эмч нарын орон сууцны асуудлыг ярьж байсан мөн л шийдэгдсэнгүй. Энэ салбарын ачааг нуруун дээрээ үүрч яваа эмч ажилчдын цалин огт нэмэгдсэнгүй. Үүний нэг тод жишээ өрхийн эмнэлэгт эмч тогтохгүй явдал. 400 хүрэхгүй мянган төгрөгийн цалингаар яаж ажиллаж амьдрах юм бэ? Цалин нь ийм бага учраас өрхийн эмч нар тогтвортой ажиллаж чадахгүй гурван сар болоод л солигдох болсон. Энэ мэт гол асуудлаа ярихгүй байж манай сайд буруу үйл ажиллагаа, буруу бодлого явуулаад байна. Тухайлбал, Иргэдийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд жилд 500 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрдөг. Гэтэл тэр мөнгийг арилжааны банкаар дамжуулаад угаачихсан байдалтай л байна шүү дээ. Тэгэхээр энэ шударга ёс мөн үү? Өнөөдөр ЭМДС байгуулагдаад эрүүл мэндийн салбарын ажилчдад ямар ч үр дүн байсангүй. Адаглаад даатгалаа дагаад цалин нэмэгдэх ёстой байтал нэг ч төгрөг нэмэгдсэнгүй. Тиймээс бид өнөөдөр салбарын сайдын алдаатай бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
Т.Гантөр/БЗД-ийн иргэн/: Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа доголдлыг арилгахын төлөө жагсаалд нэгдэж байна. Энэ салбар сүүлийн жилүүдэд хүнд байдалд орсон нь мэргэжлийн бус сайдтай холбоотой болохыг бүгд хэлж байна. Гэтэл хариуцлага тооцдог хүн алга. Өнөөдөр эх хүүхдийн эндэгдэл нэмэгдчихлээ гэтэл энэ мэдээлэл сайдын чихэнд хүрдэг эсэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаас салбарын бодлогын асуудал. Хөдөө орон нутагт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлнэ гэсэн боловч бас л шийдэгдээгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл одоо эмнэлгийн дарга нар энэ ордон дотор юу ярьж суугаа бол. Бүх зүйл болж бүтэж буй мэтээр ярьж байгаа дарга нарын цаана ард иргэдийн амь нас эрсдэлд орж байна шүү дээ.