Гадны хөрөнгө оруулагчдыг ашиг олоогүй байхад нь татвар авдаг эсэх асуудлыг судлахаар болжээ

Гадны хөрөнгө оруулагчдыг ашиг олоогүй байхад нь татвар авдаг эсэх асуудлыг судлахаар болжээ

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж эхэлжээ. Энэ хүрээнд гадаадын Элчин сайдын яамны тэргүүнүүд, олон улсын худалдааны танхимын төлөөлөл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжсэн хуульчдаас санал авах, тулгамддаг бэрхшээлийг тодруулах уулзалтыг зохион байгуулсан байна. 

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ажиллаж байгаа аж. Тус хуулийг шинэчлэхдээ Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд байгуулагдах Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн агентлагийн чиг үүргийг илүү тодорхой болгох юм байна. Мөн хөрөнгө оруулалт хийж байгаа гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн баталгаа юу байх вэ гэдгийг тодорхой болгох аж. 

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ "Өнөөдөр хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их тавьдаг асуудал бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын болон бусад дэмжлэг практикт хэрэгжихгүй байна, татварын бодлого ойлгомжгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг тодорхойлолтоор яг хэнийг хэлэх вэ гэдэг хүртэл маргаан дагуулдаг зэрэг асуудлууд бий.

Бидний баримталж байгаа бодлого бол Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа тохиолдолд аль болох дэмжинэ. Гэхдээ ашигтай ажиллаж, Монгол Улсад шударгаар татвар төлөх шаардлага тавьж байгаа. Харин ашиг олоогүй байхад нь бид татвар авах нь зөв үү гэдэг дээр судалгаа хийж байгаа.

Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувьцааг шилжүүллээ гэхэд хөрөнгө оруулалтаа дөнгөж татаж байхад нь татвар аваад байна гэдэг шүүмжлэл бий. Тиймээс энэ асуудал дээр Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна” гэлээ.