Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарыг сургуулийн удирдлага халах, цалин хасах эрхгүй

Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарыг сургуулийн удирдлага халах, цалин хасах эрхгүй

Өнөөдөр /2022.09.12/ БШУЯ-наас 29324 багшийн хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт томоохон шинэчлэл хийгдэж байна гэж харж болно. Яагаад гэвэл Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгодог ажил эхэллээ. Өнгөрсөн хугацаанд бид хүртээмжийн асуудлыг их ярьж хийсэн.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Уг ажил 2023 ондоо багтаад хэрэгжих бүрэн боломжтой болсон.

Тиймээс бид цаашид чанар үнэлгээнд анхаарах хандуулж ажиллах болно. Мөн өнөөдөр хэрэгжүүлж буй уг чанарын үнэлгээний ажлыг БШУЯ, Сангийн Яамтай хамтарч хэрэгжүүлж буйг онцолмоор байна. Мөн багшийн ажлыг үнэлэх журамд өөрчлөлт орсон. Танай багш нар олон жил үр дүнгээ тооцуулдаггүй, шалгуур нь тодорхойгүй хавтгайрсан урамшуулал авдаг байсан.

Энийг бид өөрчилж энэ есдүгээр сарын 1-нээс багш нар хийсэн ажлын гүйцэтгэл үр дүнгээс хамаарч цалингийн нэмэгдэл авдаг болно. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдаагүй. Үнэлгээ явуулахдаа хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр шүү дээ. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон. Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

  • Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл /үндсэн цалин дээр нь/
  • Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл
  • Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл
  • Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл

Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Тодруулбал тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм. Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүй" хэмээлээ.