Монгол Улс, Серби Улстай боловсролын салбарт хамтран ажиллахаар боллоо

Монгол Улс, Серби Улстай боловсролын салбарт хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх хоёрдугаар уулзалт есдүгээр сарын 7-нд Белград хотноо боллоо.

Энэхүү уулзалт нь хоёр улс хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд уулзалтаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, ложистик, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, соёлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролжээ.

Улмаар “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцаж, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Сербийн талаас Гадаад хэргийн яамны Хоёр талын асуудал хариуцсан Туслах сайд Владимир Марич нар удирдав.

Мөн хоёр улс олон улсын авто тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар талууд тохиролцон байна. 

Түүнчлэн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах чиглэлийг ярилцав.