Р.Энхжаргал: Гоё дуу байхаар нь бүжиглэсэн минь азтай тохиолдлоор "Цагдаа болох мөрөөдлийн минь ажилд" нэг алхмаар ойртууллаа /ВИДЕО/

Р.Энхжаргал: Гоё дуу байхаар нь бүжиглэсэн минь азтай тохиолдлоор "Цагдаа болох мөрөөдлийн минь ажилд" нэг алхмаар ойртууллаа /ВИДЕО/

Сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр “Миний ном” дуун дээр  эвлэгхэн бүжиглэсэн 39 дүгээр сургуулийн 7-р ангийн сурагч Р.Энхжаргал хүүг iSee.mn сайт есдүгээр сарын 2-ны өдрийн “Social ID” буландаа онцлон ярилцсан. Хүү энэ үеэр “Та хэд код бичих гэж мэдэх үү? Би тэр ажлыг хоёр жил хийгээд цагдаа болох мөрөөдөлтэй” гэж ярьж байсан юм. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий Газарт /ЦЕГ/-т "код бичих" мэргэжлийн ажил байдаг бөгөөд тус байгууллагаас бидэнтэй холбогдож  хүүгийн мөрөөддөг мэргэжилтэй танилцуулахаар болсон юм. Ингээд мэдэхгүй ч өөрт таалагдсан санагдсан дуун дээрээ сэтгэлээсээ бүжиглэсэн Р.Энхжаргал хүү мөрөөдөл рүүгээ нэг алхам ойртсон сурвалжилгыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-ЦАГДААТАЙ ЁСЛОХЫГ КИНОНООС СУРСАН-

ЦЕГ-ын Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн Программ хангамж хөгжүүлэлтийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Уугансувдын хамтаар бид хүүг гэрээс нь авахаар Цагдаагийн машины дуут дохио хангинуулсаар хөдөллөө. Биднийг очиход Р.Энхжаргал хүү тоглоомын талбайгаас тосож ирээд хошууч Ц.Уугансувдад ёслосон юм.

Хүү энэ талаараа “Ахмад цолтой хүнтэй ёслохыг өчигдөр /2022.09.06/ киноноос сурсан юм аа” гэсэн юм.

Ингэж явсаар бид ЦЕГ-ын Мэдээллийн технологи, холбооны төвд очиж Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Системийн ашиглалтын тасаг, Мэдээллийн технологийн хэлтсийн Программ хангамж хөгжүүлэлтийн тасаг, Мэдээллийн технологийн хэлтсийн Систем хөгжүүлэлтийн тасгуудын үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцлаа. Энэ үеэр тасаг хариуцсан хэлтсийн дарга нар хүүд үйл ажиллагаагаа тайлбарлаж асуусан асуултад нь нээлттэй хариулж байв.

Р.Энхжаргал хүү

Ингээд Р.Энхжаргал маань Монгол Улсын ЦЕГ-ын хамгийн чухал хэсэг болох серверийн өрөөнд орж үзсэн цөөн хэдэн хүний нэг болж гарын үсгээ зурсан юм. Тэрбээр дээрх өрөөнд "Орж үзсэн" гэж хэлснээс өөр бусад мэдээллийг нууцалж байсан нь  хүүхдийн үнэнч зан гэлтэй. 

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Системийн ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Борбанди /яаралтай тусламжийн тухай танилцуулж байна/

-БЭЛЭГ ӨГӨХӨД НЬ УЙЛАХ ГЭЭД БАЙСАН Ч ТЭВЧСЭН -

Мөн цагдаагийн 102 тусгай дугаарт хуурамч дуудлага өгч тоглоом наргиан хийх нь өөр хэн нэгнийг эрсдэлд оруулах аюултайг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хялбарчилсан программуудыг зохион бүтээж код бичдэгийг мэдэж авсан юм. Дараа нь Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхзулаас гарын бэлэг болон Мэдээллийн технологийн академид программ хангамж хөгжүүлэгч бэлтгэх сургалтад 100 хувь хөнгөлттэй  суралцах эрхийн бичгийг бэлгэнд авсан.

Тэрбээр “Хүнд тархи гэж байдаг шүү дээ. Хийх бүх зүйлийг удирдаж, зөв бодоход тусалдаг, Надад энэ газар яг л ЦЕГ-ын тархи шиг санагдлаа. Бэлэг өгөхөд нь уйлах гээд байсан ч гүрийсээр байгаад гарч ирлээ” хэмээсэн юм.

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхзул /бэлэг, эрхийн бичиг гардуулж буй нь/

Мэдээллийн технологийн мэргэжлийг сонгож тэр дундаа Цагдаагийн байгууллагад ажиллах мөрөөдөлтэй 39 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч Р.Энхжаргалыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төв хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаатайгаа ийнхүү танилцууллаа. Энэхүү төв нь цагдаагийн байгууллагын хэмжээнд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, программ хангамж боловсруулах, систем серверийн хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим хэлбэрээр төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлийг хариуцан явуулдаг байна. Уг төвийн онцлог нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгссөн иргэд шалгаруулалтад хамрагдаж болдог бөгөөд тэнцвэл цагдаагийн алба хаагч болох боломжтой аж.