“Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай энэ оны есдүгээр сард Өмнөговь аймагт автын осолд өртөж амь насаа алдсан билээ.
Түүний дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт өчигдөр “UB палас” концертын их танхимд болжээ. А.Мөнгөншагай агсны дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа олон арван уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн байна.
А.Мөнгөншагай агсан Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахдаа, ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан аж. Иймд түүний буяны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх зорилгоор тус тоглолтыг өчигдөр зохион байгуулжээ.
Ингээд “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тус тоглолтын орлого болох 50 сая төгрөгөөр талийгаачийн хоёр хүүхдэд хадгаламж нээсэн тухайгаа дуулгаж А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна.