БАРИМТ: Орос III сургуулийн захирал Ж.Соронзон саяхан Тээвэр хөгжлийн банканд 8,2 тэрбум төгрөгийг хадгалуулжээ

БАРИМТ: Орос III сургуулийн захирал Ж.Соронзон саяхан Тээвэр хөгжлийн банканд 8,2 тэрбум төгрөгийг хадгалуулжээ

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон үйлчлэгчээ зодож, гэмтээсэн гэх асуудлаар өчигдөр /2022.09.06/ мэдээлэл хийсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Учир нь тэрбээр энэ үеэр сэтгүүлч С.Будрагчаагийн ар гэрийн байдлыг тодорхойлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан.

Тиймээс ч БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүний гаргасан үйлдлийг шүүмжилж, Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг ОХУ-ын талд тавина гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Сэтгүүлч нарыг элдвээр гутаан доромжилсон учир уучлалт гуйх"-ыг шаардаад байгаа билээ.

Мөн Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон мэдээллийнхээ үеэр "Орос гуравдугаар сургуулийн бүх зүйл хууль журмын дагуу явагддаг. Миний ажлаа өгөх эсэхийг Оросын тал шийднэ" гэдгийг тодотгосон юм. Тэгвэл түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор тус сургуулийн Шилэн дансыг сонирхов.  

Тээвэр хөгжлийн банканд Орос III сургуулийн 8,2 тэрбум төгрөгийг байршуулжээ

Оросын эрх ашиг үйлчилдэг, удирдлагуудыг нь чөлөөлөх эсэхийг нь хүртэл шийдэх эрх мэдэлтэй гэх тус сургууль нь Шилэн данс хөтөлдөг байна. Гэхдээ зарим мэдээлэл нь дутуу байх аж. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон нь Тээвэр хөгжлийн банктай “Хугацаатай мөнгөн хадгаламж”-ийн гэрээ байгуулсан гэх мэдээлэл.

Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон нь энэ оны долдугаар сарын 29-ны өдөр /2022.07.29/ тус банканд 8,2 тэрбум төгрөгийг гурван сарын хугацаатай хадгалуулжээ.

Ингэхдээ жилийн 8,4 хувийн хүүтэй хадгалуулсан байх аж. Үүнээс үзэхэд тус сургууль нь энэ их хэмжээний мөнгийг яагаад гэнэт богино хугацаатай банканд хадгалуулав, сурагчдын зуны амралт эхэлсэн үед энэ мөнгө нь хаанаас эх үүсвэртэй орсон мөнгө вэ, тэрбээр энэхүү хадгаламжийн хүүг үнэхээр сургуульдаа зарцуулдаг уу эсвэл өмнө нь нэр бүхий сургуулийн захирлууд оюутнуудынхаа төлбөрийг банканд хадгалуулж, улмаар хүүг нь "цохидог" байсан шиг үйлдэл гаргах юм биш биз гэх хардлага төрж буй юм. Ямартай ч олны анхаарлыг татаад буй Орос гуравдугаар сургуулийн захирал сургуулийнхаа нэрийн дансанд өөрөө төлөөлж, 8,2 тэрбум төгрөгийг гурван сарын хугацаанд хадгалуулсан байна.