"Гаднын санхүүжилтээр жагсаал, тэмцэл хийсэн байж болзошгүй" хэмээн Б.Цэгмэдийг ШАЛГАЖ байж магадгүй байна

"Гаднын санхүүжилтээр жагсаал, тэмцэл хийсэн байж болзошгүй" хэмээн Б.Цэгмэдийг ШАЛГАЖ байж магадгүй байна

“Автомашинтай жагсаал”-ын зохицуулагч Б.Цэгмэдийг өчигдөр /2022.09.05/ Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шалгаж, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хүргэсэн, улмаар түүний биеийн байдал муудаж, ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Тэгвэл түүнийг гаднын санхүүжилтээр жагсаал цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байж магадгүй байна.

Учир нь тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, “ураны сөрөг нөлөөнөөс үүдэн мал ургийн гажигтай төллөж байна. Иймд Францыг хөөж гаргахаар жагсаал хийе. Ингэхдээ Орос улсаас тусламж авцгаая” хэмээн уриалах болсон. 

Сонирхуулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий.

Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Монголын нэгэн аж ахуйн нэгж нефтийн өрөмдлөг хийж байхад нь үндэсний үзэлтэй ТББ очиж зогсоосон.

Хожим нь тусгай албадын олж авсан мэдээллээр яг хилийн цаана нь нефть олборлодог Хятадын компани байсан байгаа юм. Тухайн компанийн санхүүжилтээр улс төрийн акц хийсэн тухай мэдээлэл орж ирсэн. Жагсагчдын цаана заавал нэг зорилго, эсвэл улс эх орноо хорлох агуулга бүхий гаднын санхүүжилт явдаг” гэж мэдэгдсэн билээ.