БАРИМТ: Д.Сумъяабазарын ҮХОБанк зэрэгт байршуулсан Улсын 264 ТЭРБУМ төгрөг эргэн төлөгдөөгүй, эрсдэл үүссэн гэж Аудитын газраас дүгнэжээ

БАРИМТ: Д.Сумъяабазарын ҮХОБанк зэрэгт байршуулсан Улсын 264 ТЭРБУМ төгрөг эргэн төлөгдөөгүй, эрсдэл үүссэн гэж Аудитын газраас дүгнэжээ

Хотын дарга Д.Сумъяабазар нарын эзэмшлийн "Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк" /ҮХОБанк/-ны үйл ажиллагаа нь саатаж байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

 ВИДЕО: 

Тэгвэл үйл ажиллагаа нь саатаж байж болзошгүй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд байршиж буй улсын 264.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн нь Үндэсний аудитын газрын хяналт шалгалтаар илэрчээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийсэн байна.

Улмаар аудитын санал дүгнэлтийг энэ оны зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж, зөвлөмжийн биелэлтийг энэ оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр ирүүлэхийг хүссэн байна.

Тус дүгнэлтэд “Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд байршиж буй улсын 264.3 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуй болон хөдөөгийн хөгжлийн төсөл нэмэлт, санхүүжилт төслийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 1.9 тэрбум төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршуулсан нь эрсдэл үүссэн. Тиймээс эл хөрөнгийг татан төвлөрүүлэх талаар холбогдох байгууллагад чиглэл өгч, хэрэгжилтийг хангах”-ыг зөвлөжээ.

Аудитын дүгнэлт. 2022 он

-"БИ ХЭЛСЭНДЭЭ БАЙНА. УЧИР НЬ БИ СУМЪЯАБАЗАР" ГЭЖ МЭДЭГДСЭН Ч УЛСЫН МӨНГӨ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА-

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн оны сүүлчээр “Би хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар. Тиймээс төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүргийг өгсөн” хэмээн Засгийн газрын индэр дээрээс ам гарч, удалгүй эл мөнгөө төлсөн талаараа мэдэгдэж байсан юм.

Гэтэл мэргэжлийн байгууллагаас нь Д.Сумъяабазарыг "өрөө төлөөгүй", энэ нь эрсдэл үүсгэж байгаа талаар дүгнэлт гаргасан байх аж. Үүнээс үзэхэд Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банканд улсын олон тэрбум төгрөг байршиж байсан бөгөөд энэ нь өдгөө эрсдэлд ороод байгаа юм байна.

Аудитын дүгнэлт. 2022 он