Өнгөрөгч амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн ослын улмаас ЗУРГААН хүн амь насаа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн ослын улмаас ЗУРГААН хүн амь насаа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2022.09.03-04/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 645 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 490 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь хохирчээ. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт дөрөв бүртгэгдсэн байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 92, орон нутагт 85 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна, хэт их ядарсан үедээ жолоо барихгүй, унтаж амарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хариуцаж хөдөлгөөнд оролцож буй гэдгээ ухамсарлах шаардлагатай байна.