Шатрын их мастер А.Энхтуулд Франц улсын өмнөөс тоглох санал тавиад байсан билээ. Тэгвэл тэрбээр тус хүсэлтийн хариуг өгчээ.
Тэрбээр Францын нэрийн өмнөөс тоглох, легионер болох гэсэн 2 сонголт байснаас легионер болохыг нь сонгосон аж. Ингэснээр Францын клубд легионер тоглогчоор тоглох бөгөөд давуу тал нь Монголынхоо нэрийн өмнөөс тоглох эрхээ хадгалах юм.
Энэ талаар, "Манай талд 2 төрлийн санал ирснээс иргэншил болон шатрын холбоогоо солихгүйгээр легионер тоглогч болох ухаалаг сонголтыг хийх шийдвэр гаргалаа. Энэхүү сонголт нь цалин болон санхүүгийн дэмжлэгийн хувьд улсаа сольж, Францын нэрийн өмнөөс тоглох саналаас хамаагүй бага хэдий ч эх орны минь үнэ цэнтэй зүйрлэшгүй ээ. Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Иймээс, эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ. Монголоос хэд, хэдэн тамирчид өөр улсын нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлдөж байсан, байгаа жишээг би харж байна. Тодорхой цаг хугацааны дараа тэд үргэлж эргэн ирдэг.
Би ийм сонголт хийхийг хүссэнгүй ээ. Харин легионер тоглогч болсноор том гүрний туршлагаас судалж, бусдадаа нөлөөлөх боломж нээгдэнэ гэдэгт найдаж байна.
Бидний зүрхэнд, ялангуяа Монгол хүний сэтгэлд эх орон, элгэн садан мөнхийн уяатай явдаг гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч, одоогийн амжилтад хүрэхэд миний эх орны агаар, салхи, мөнх хөх тэнгэр, тал нутаг гээд нандин бүхэн урам зориг өгсөн. Өнөөдрийн намайг буйдхан ч гэлээ энэ улс минь хурцалсан юм шүү. Дээрх шийдвэрээр зөвхөн Францын үндэсний лиг болон Европын цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох юм. Харин аравдугаар сарын 25-с арван нэгдүгээр сарын 4-ний хооронд Энэтхэг улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсноо дуулгахад таатай байна. Легионер тоглогчийн хувьд, аравдугаар сарын 1-10 хооронд Франц улсын багтай Европын цомын тэмцээнд 1-р ширээнд, багийн лидер тоглогчоор тоглох боллоо. Ингэснээр, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай дахин өрсөлдөх нь нэр төрийн хэрэг билээ" гэжээ.