Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит өнөөдөр /2022.09.04/ сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр БНАЛАУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан төмөр зам тээвэр, логистикийн салбарт үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Лаос Улсын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсонд баяр хүргэж, энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Лаос Улсын тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтойг онцлов. Цаашид Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.