Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Б.Серик Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаанаар долоо давж улсын заан цол хүртсэн.
Тэгвэл түүний цолны мялаалга наадам өчигдөр Өлгий хотод болж өнгөрчээ. Тус мялаалга наадамд улсын заан Д.Анар, улсын харцага Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, Д.Цэрэнтогтох, А.Давааням, Б.Түвшинтөгс нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдав. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат улсын өсөх идэр начин Нурланы Мустафа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс нар их шөвөгт шалгарчээ.