Оросын иргэдэд Европын холбоо виз олгохоо зогсоож, Монголын иргэдэд виз олгох нөхцөлөө Солонгосын тал чангаруулжээ

Оросын иргэдэд Европын холбоо виз олгохоо зогсоож, Монголын иргэдэд виз олгох нөхцөлөө Солонгосын тал чангаруулжээ

ОХУ-ын иргэдэд Европын холбоо /ЕХ/-ны орнууд “хялбаршуулсан журмаар виз” олгохоо энэ долоо хоног /2022.08.31/-т зогсоож, удаан хугацаанд судалж, өндөр зардлаар виз олгодог болгон өөрчлөх шийдвэрт хүрээд байна. Үүнийг Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Борелл, “Украинд дайн болоогүй мэт Оросын иргэд Европын орнуудаар амарч зугаалж, дэлгүүр хэсэж байна” гэж тайлбарласан юм.

Харин олон улсын байдал хурцадмал байгаа энэ үед манай улс ОХУ-тай хамтарч хэд, хэдэн цэргийн сургуулилт хийсэн. Тухайлбал, яг одоо Оросын зохион байгуулж байгаа “Восток 2022” цэргийн сургуулилтад Монголын арми оролцож байна. Үүнийг зарим иргэд Японы эсрэг явуулж байгаа сургуулилт хэмээн тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл үүнээс үүдэн манай хүмүүсийн хамгийн их зорчдог гадаадын улс орнууд Монголын иргэдэд үзүүлэх визний үйлчилгээний нөхцөлөө чангаруулж байж болзошгүй байна.

-БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ДАРАА МОНГОЛД ИРГЭДЭД ВИЗ ОЛГОХ НӨХЦӨЛӨӨ СОЛОНГОСЫН ТАЛ ЧАНГАРУУЛЖЭЭ-

Тухайлбал, БНСУ /Солонгос/ манай иргэдэд олгох визний журмаа өнгөрөгч Мягмар гараг /2022.08.31/-т чангаруулсан байна. Ингэхдээ олон удаагийн виз авах Монгол иргэд, “Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх. Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх зэрэг шаардлагын тавьж эхэлсэн байна. БНСУ-ын шинэчлэгдсэн визний нөхцлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Мөн БНСУ-аар дамжин өөр улс руу явж байгаа иргэдээс “транзит виз” буюу “дамжин өнгөрөх виз” шаарддаг 5-хан орны нэгээр Монголыг нэмсэн байж болзошгүй мэдээлэл ч өчигдөр /2022.09.02/ гарсан байна. Харин үүнийг манай улсын Гадаад харилцааны яам үгүйсгэж, “Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй” гэсэн мэдэгдлийг өнгөрөгч шөнө /2022.09.02-03/ хийлээ.

Цаашлаад, Япон улс Монголын иргэдэд олгодог визний нөхцөлөө эргэж харахаар болсон гэх мэдээлэл гараад байна. Ингэхдээ Япон руу олон удаа зорчих эрхтэй, 5 жилийн визээ зогсоож магадгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Сонирхуулахад, манай улсад НҮБ-ын тэргүүн, Хятад, Япон, Оросын гадаад хэргийн сайд нар айлчилсан. Үүнийг зарим судлаачид “Орос Украины байдлаас үүдэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал яригдах болсон” хэмээн тайлбарлаж байгаа. Харин энэ долоо хоногийн Даваа гараг /2022.08.29/-т БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин манай улсад айлчлал хийсэн. Харин түүний айлчлал өндөрлөснөөс ердөө 2 хоногийн дараа БНСУ манай улсын иргэдэд үзүүлэх визний нөхцөлөө ийнхүү чангаруулжээ.