Оросын газрын тос, байгалийн хийн аварга Лукойл компанийн ТУЗ-ийн дарга Равиль Маганов Москва хотын эмнэлгийн цонхоор унаж нас барсан тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тодруулбал, “түүнийг зургаадугаар давхрын цонхноос унаж бэртсэн улмаар нас барсан" гэж ТАСС агентлагт мэдээлсэн байна.
Харин “Лукойл” компани өчигдөр /2022.09.01/ вэб сайтдаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Равиль Маганов нь хүнд өвчний улмаас нас барсан" хэмээгээд уналтын талаар огт дурдаагүй байна. Сонирхуулахад, ОХУ-ын хоёр дахь том газрын тос, байгалийн хийн Лукойл компани нь Украин болж байгаа дайныг “хурдан зогсоохыг" уриалж байжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд, “Бид энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүх хохирогчдод чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Гал зогсоож, асуудлы дипломат арга замаар шийдвэрлэхийг бид тууштай дэмжих болно” гэж байжээ.
Эх сурвалж: BBC