УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцсэн.
Хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаас FATF-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан асуудлаар асуулаа. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаар ахлуулсан баг Парис хотод болсон хуралд оролцоод ирсэн юм.
-УИХ-ын гишүүн С.Чинзориг: Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн ямар хориг хэмжээ ирэх үү. Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр хууль бус байсан нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн үү?
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Бид хар жагсаалтад орохгүйн тулд саарал жагсаалтад орсон. С.Чинзориг сайдаа, энэ бол зөвхөн Монголбанкны ажил биш ээ. Засгийн газар ч ажиллах ёстой байсан. Ялангуяа асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг. Гэтэл шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй. Энэ бүхэн чинь саарал жагсаалтад ороход нөлөө үзүүлсэн. Арилжааны банкуудын асуудал саарал жагсаалтад ороход нөлөөлөөгүй гэдгийг дахин хэлье.
-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Саарал жагсаалтад орсноор зээлжих зэрэглэл буурах уу. Хоёрт, Монголбанк ханшин дээрээ онцгой анхаарч ажиллах хэрэгтэй шүү. Улстөржүүлж ханшаа савлуулах асуудал байж болохгүй шүү. Богино хугацаанд тэр саарал жагсаалтаас гарах ажлуудыг хийх хэрэгтэй.
Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа маш муу байгаа. Би Даваасүрэн даргад нь ч хэлж байгаа. Чи сайн багш байж болно, харин аж ахуй удирдаж явах хэцүү шүү гэж. Цаашдаа СЗХ-ны хэдхэн албан хаагч 500 гаруй ББСБ-ыг удирдахад хэцүү болно шүү гэдгийг анхааруулж хэлье.
Байнгын хорооны даргад хандаж хэлэхэд, одоо гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай хуулийг оруулж баталъя. Ингэснээр жинхэнэ хүү буурна. Ирэх долоо хоногоос хуулиа хэлэлцэж батлах хэрэгтэй.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Гаднын хөрөнгө оруулалттай банкны асуудлыг УИХ-аар ярилцаж, шийдвэр гаргаасай гэсэн байр суурьтай байна. Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт хийсэн аудитын шалгалтын дүнг есдүгээр сарын 25-нд хүлээн авсан. Энэ дүнг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд бэлэн байгаа. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад ямар нэгэн хориг арга хэмжээ авагдахгүй. Хар жагсаалтад орвол санхүүгийн хориг арга хэмжээ авагдана. Харин нэг л болгоомжлох зүйл байгаа нь Монгол Улсаас гадагшаа гарах хөрөнгөд тавих хяналт улам чангарна. Учир нь, саарал жагсаалтад орсон улс орноос гарч байгаа мөнгө учраас тухайн мөнгөний эх үүсвэр нь хаанаас ямар зориулалттай шалгах хяналт чангарна. Валютын ханш дээр Монголбанк байнга анхаарч ажиллана. Анхаарсаар ч ирсэн, цаашдаа ч анхаарна. 2016, 2017 онтой харьцуулахад бид гадаад валютын албан нөөцөө дөрөв дахин нэмсэн. Тодорхой хэмжээний хамгаалалт хийх чадвартай болсон. Гэтэл гэнэт ханш өссөний цаана хиймэл шалтгаан байсан гэж харж байгаа.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Н.Баяртсайхан та хар жагсаалтад орох байсныг бид ажилласаар байгаад саарал болголоо гэж маш хариуцлагагүй үг хэлж байна. Таны энэ хэлсэн үгэнд харамсаж байна. Ирэх жилд эдийн засагт бодитой эрсдэлүүд үүсчихээд байна. Жил бүр УИХ-аас Монголбанкинд үүрэг чиглэл өгч, бодлогыг нь баталж өгдөг. Үүнд мөнгө угаах, терроримзтой тэмцэх чиглэлээр ажлууд тусгагдсан байгаа. Өгсөн үүрэг даалгавар, ажлын биелэлтийг та бүхэн дутуу хийсэн байна. Монголбанк, Хууль зүйн яам, Сангийн яамныхан саарал жагсаалтын талаар бүгд өөр, өөр юм ярьж байна. Та нар ингэхээ боль, гурвуулаа зэрэгцэж сууж байгаад ард түмэндээ "саарал жагсаалтын" талаар үнэн зөв мэдээлэл өг. Иргэдийн дунд хүлээлт үүсгэж, хиймэл өсөлт үүсгэж байна.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ер нь бол бид FATF-аас өгсөн зөвлөмжийн үзүүлэлтүүдээ бүгдийг нь сайжруулж, өсгөсөн. Өмнө нь 11 үзүүлэлт муу байсан, түүний долоог нь хангаж ажилласан. Үйл ажиллагааны төлөвлөгөөг богино хугацаанд яаралтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Жоомоо алах гээд байшингаа шатаана гэдэг шиг саарал жагсаалтаас болоод эдийн засагт савлагаа үүсгэж болохгүй л дээ. Анхаарах, эрсдэлээ төлөвлөх шаардлага зайлшгүй байгаа. Ялангуяа мөнгө угаах, терроризмтой тэмцэх төрийн байгууллага болох Хууль зүйн яам мөн Сангийн яам, Монголбанкны тайлбар нэг баймаар байна. Гэтэл бие биенийгээ үгүйсгэсэн тайлбар хийснээс болж ард иргэд чинь ойлгохгүй, их хүлээлт үүссэнээс болж валютын ханшид өөрчлөлт орж байна. Эдийн засаг эерэг байгаа гэдэг үзүүлэлт, мэдээллүүдээ ард иргэддээ ойлгуулахгүй бол горыг нь баялаг бүтээгчид л амсч байна.
Өчигдөр Ерөнхий сайд Японд ажиллах үеэрээ Ерөнхий сайдтай нь уулзахад мөнгөний бодлогоо өөрчил, банк санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, тэрний дараа бид та нартай хамтарна гэсэн байна. Японы Ерөнхий сайд нь хүртэл Монголын мөнгөний бодлого санаа тавьсан байна. Хоёрт, зээлийн хүүг бууруулна гээд нийгэмд маш их хүлээлт үүсгэсэн байгаа. Тиймээс энэ чиглэлд бүтээлч ажиллаж, тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гуравт, өрийн эрсдэл байгаа. Энэ чиглэлд анхаарч 2020 оны бодлого дээрээ оруулж ажиллах хэрэгтэй.