Хятадад хоол идэж байсан эмэгтэйчүүдийг хэрцгийгээр зодсон хэрэгт 28 хүнийг яллагдагчаар татжээ

Хятадад хоол идэж байсан эмэгтэйчүүдийг хэрцгийгээр зодсон хэрэгт 28 хүнийг яллагдагчаар татжээ

Бүлэг залуус нийлж, нэгэн эмэгтэйн толгой руу өшиглөж, дээрээс нь гишгэж буй дүрс бичлэг Хятадын цахим сүлжээнд тархан иргэдийг цочирдуулсан. Улмаар цагдаагийн алба хаагчид есөн хэрэгтнийг шуурхай баривчилсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Хятадын Таншань хотын нэгэн ресторанд хоол идэж байсан дөрвөн эмэгтэй рүү хэсэг эрчүүд дайрч, зодож буй бичлэг өнгөрсөн зургадугаар сард цацагдаж, олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан 28 хүнийг яллаж, өөр 15 албан тушаалтныг авлигын хэргээр мөрдөн шалгаж байгаа юм байна.

Авлигын хэргээр шалгаж буй хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан багтаж байгаа аж. Халдлагын дараа есөн хүнийг нэн даруй баривчилсан бөгөөд нэмж арав гаруй хүнд ял тулгасан байна.

Түүнчлэн халдлагад өртсөн хоёр эмэгтэй 11 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол нөгөө хоёр нь хөнгөн гэмтэл авсан байна. Таншань хотод гарсан энэ хэрэг нь хүйсээр ялгаварлан гадуурхах, эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдал зэрэг олон асуудлыг хөндөж, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр засгийн хэмжээнд яригдсан хэвээр байгаа юм. Мөн халдлага гарах үед цагдаа нар удаан ажиллаж, тоомжиргүй хандсан байдлыг орон нутгийн хэвлэл мэдээлснээр хууль сахиулагчдын эсрэг ард түмний дургүйцэл ихсэж цагдаагийн алба хаагчдыг авлига, эрх мэдлээ хэтрүүлэх болон бусад албан үүрэгтэй холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.