АНУ, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтарсан сургалтад Монголоос 240 гаруй төлөөлөгч оролцоно

АНУ, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтарсан сургалтад Монголоос 240 гаруй төлөөлөгч оролцоно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулийг Баянхонгор аймагт ирэх есдүгээр сарын 05-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ удаагийн  сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 240 гаруй хүн оролцох ба ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113, Ар талын 115, Агаараас эрэн, хайх аврах-111 болон НОБГ-ын Аврах анги, Өмнөд бүсээс Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баруун бүсээс Завхан, Говь-Алтай аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дууриалган үзүүлэх дадлага сургууль” гэсэн хэлбэрээр явагдах юм.

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.

Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт, 2018 онд  “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр бүсийн төв Ховд аймагт, 2019 онд  “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр өмнөд болон зүүн бүсийн аймгуудын гамшгийн үеийн харилцан ажиллагаа, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Дорноговь аймагт, 2021 онд “Хангай-21” нэртэйгээр Архангай аймагт тус тус зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.