Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний хаалтын ёслол 8 дугаар сарын 27-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн мэндчилгээг уншиж сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ, цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь хүүхэд залуучуудад эх орон, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжлийг олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх чухал үүрэгтэй гэдгийг онцлов. Иргэд, хүүхэд, залуу үеэ соён гэгээрүүлэх, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх нь аливаа улс, үндэстэн оршихуйн бодлого, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа байдгийг тэмдэглэлээ.
Цаашид тус тэмцээнийг тасалдалгүй зохион байгуулж, цар хүрээг нь тэлж хүүхэд, залуучуудын сонирхол, шударга өрсөлдөөн, нэр төрийн оргил болсон тэмцээн болгон хөгжүүлэх нь эрүүл, зөв, шударга, эх оронч монгол иргэнийг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 3 үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын бүх сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн 1,338 багийн 20 гаруй мянган сурагч, оюутан хамрагдсан байна. Харин төгсгөлийн шатны тэмцээн 2022 оны 8 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, 29 багийн 400 гаруй шилдэг тамирчин өрсөлдлөө. Үүнээс 1 дүгээр байрт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар байрт Өвөрхангай аймгийн багууд тус тус шалгарчээ.