БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улсад ням гарагт /2022.08.28/-нд айлчилж буй. Энэ айлчлалын талаар тус БНСУ-ын Yonhap агентлаг онцолжээ.
Тус мэдээлэлд, “Түүний энэ удаагийн айлчлал нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын 2014 оноос хойш хоёр талын үндсэн дээр Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улс сүүлийн үед баялаг нөөцөөрөө ихээхэн анхаарал татаж байгаа үе тохиолоо. Сайд Пак Жин Улаанбаатарт буусныхаа дараа 1910-аад онд халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор эмнэлэг нээж, 1910-1945 оны Японы колоничлолын эсрэг Солонгосын тэмцлийг дэмжиж байсан Өмнөд Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ли Тэ Жуны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлов. 2001 онд байгуулагдсан тус цэцэрлэгт хүрээлэн нь хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг юм.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Ли Тэ Жуны дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхдээ “Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийгөө золиослон, Монголын ард түмэнд эрүүл мэндийн мэдлэг, ур чадвараа гаргаж, сайн үйлсийн төлөө зүтгэж ирсэн Лигийн энэ зүтгэл сэтгэлийн гүнд минь үүрд үлдэх болно. Энэхүү сэтгэлгээг өвлөн авсан Өмнөд Солонгосын ард түмэн үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, дэлхийн эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах дэлхийн чухал улс болохын төлөө хүчин чармайлт гаргах болно" хэмээжээ.Үүний дараа тэрээр Монголын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй уулзаж, Зүүн хойд Азийн хэд хэдэн асуудлаар ярилцсан байна.
Пак Монголыг зорихынхоо өмнө хэлэхдээ, энэ айлчлал нь эдийн засгийн аюулгүй байдлын салбарт хоёр талын "практик" хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "бүх нийтийн үнэт зүйлсийг" хуваалцдаг хоёр улсын эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой. Бид байгалийн баялгаараа дэлхийн эхний 10 орны нэг болох Монгол Улстай нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна” гэсэн юм.
Түүнчлэн Пак БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёолын гараар бичсэн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин даваа гарагт /2022.08.28/ Пак Монгол Улсын гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцах болно гэж БНСУ-ын гадаад хэргийн сайдын ажлын албанаас мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap