Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдсэн нөхцөл байдлын аюулгүй байдлыг хангах үүднээс НМХГ, НОБГ, НЭМГ зэрэг байгууллагын 31 албан хаагч өнгөрсөн шөнө бэлэн байдалд ажилласан байна. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон гэх зургаан дуудлагаар нийт 16 иргэн эмнэлэгт хандсан байна. Тэдний 9 нь хүүхэд, 7 нь том хүн байжээ.
Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдсан тохиолдлууд илэрсээр байгааг НМХГ-аас мэдээлж байна. Иргэд хувийн машиныхаа тээшинд нүүрс тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө 31 шуудай түүхий нүүрс тээвэрлэж байсныг буцаажээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй байгууллагууд яндандаа шүүлтүүр байрлуулсан эсэхийг шалгаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд II, III, IV, Амгалангийн цахилгаан станцуудын янданг шалгажээ. Шалгалтаар дөрөвдүгээр цахилгаан станцын шүүлтүүр нь ажиллахгүй байгаа нь илэрчээ. Тиймээс шүүлтүүрээ шинэчлэх үүрэг өгсөн байна.