Монгол-Оросын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг ирэх сард Ховд аймагт хийхээр бэлтгэж, ихэд НУУЦАЛЖ байна

Монгол-Оросын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг ирэх сард Ховд аймагт хийхээр бэлтгэж, ихэд НУУЦАЛЖ байна

Орос Украин дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед манай улс төвийг сахисан байр сууриа баримтлах ёстой гэж учир мэдэх хүмүүс хэлсээр буй. Гэтэл сүүлийн саруудад манай улс хойд хөршийг гэх, ОХУ ч манай улсыг “налж тоглоод” байна уу гэх үзэгдэл олонтой гарах болоод байна. Энэ нь манай улсыг олон улсын томоохон хоригт оруулах эрсдэлтэй. 

-ОРОСЫН ЦЭРГҮҮД ИРЭХ САРД ХОВДОД БОЛОХ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОХООР ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭ МОНГОЛД ИРЖЭЭ-

Тэгвэл Монгол, Оросын хамтарсан цэргийн хээрийн нэгдсэн сургуулилтыг ирэх сар /2022.08/-д манай улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж, үүнийгээ ихэд нууцалж байгаа ажээ. Тодруулбал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилтыг ирэх наймдугаар сарын 1-15 /2022.08.11-15/-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Зэвсэгт хүчний 123 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулах уг цэргийн сургуулилтад оролцох ОХУ-ын эхний ээлжийн цэргүүд, техник хэрэгсэлтэйгээ Монголд ирээд байгаа аж.

Харин Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилтыг манай улсын тал одоогоор ихэд нууцалж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

-МОНГОЛ-ОРОС ЦЭРГҮҮД НЭГДСЭН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ХИЙЖ, УЛСТӨРИЙН ЭВСЭЛ БАЙГУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА-

Гэтэл ОХУ-ын тал “Сэлэнгэ 2022” цэргийн хамтарсан сургуулилтын талаарх мэдээллийг хэдийнээ цацаад хэлжээ. Тодотговол, цэргийн сургуулилтын талаар ОХУ-ын дотоодын хэвлэлд “Монгол Орос цэргүүд нэгдсэн цэргийн бэлтгэл хийж, улстөрийн эвсэл байгуулахаар зорьж байгаа" талаар өгүүлжээ. Ингэхдээ “2022 оны зун Орос-Монголын харилцааны хувьд үйл явдал дүүрэн байлаа. Тодруулбал, энэ долдугаар сарын 05-ны өдөр /2022.07.05/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Улаанбаатарт айлчилсан.

Мөн ирэх наймдугаар сарын эхээр ОХУ, Монгол хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж байна. Хэдийгээр Монгол Улс өнгөрсөн зургадугаар сар /2022.06/-д АНУ-тай хамтран “Хааны эрэлд” сургуулилтыг зохион байгуулсан ч Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2022” ЗХУ-ын дараах үеийн түүхэн дэх хамгийн том цэргийн бэлтгэл хэвээр байсаар байна. ОХУ 2022 онд Орос-Энэтхэг, Орос-Египет, Орос-Монгол гэсэн гурван бүлэг Олон улсын цэргийн сургуулилт хийхээр төлөвлөөд байгаа. “Сэлэнгэ 2022” цэргийн хамтарсан сургуулилт наймдугаар сарын 01-15-ны хооронд Монголд болох бөгөөд Монголын баруун хэсгийг хамгийн тохиромжтой гэж үзсэн. Тус сургуулилтад өнгөрсөн 2021 онд 1400 цэргийн албан хаагч оролцсон бөгөөд 2022 онд тэдний тоо дахин нэмэгдэх болно.

2022 он бол ОХУ-ыг дэлхийн цэрэг улс төрийн сөргөлдөөний цаг үе рүү эргүүлэн авчирсан гэдгээрээ түүхэнд үлдэх нь дамжиггүй. Украин дахь тусгай ажиллагааг нэрлэвэл Зөвлөлтийн өвийн төлөөх тэмцэл гэж тодорхойлж болно.

АНУ бол Монголтой хамтарсан цэргийн сургуулилтын гол зорилго бол энхийг сахиулах ажиллагаанд оролцох, бие бүрэлдэхүүнийг сургах, гэрчилгээ олгох явдал байдаг” гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ОХУ-ын хэвлэлд Монголд болох цэргийн сургуулилтын талаар тус мэдээлэл гарчээ

Харин Орос, Украины нөхцөл байдал хүнд дайны байдалтай байгаа энэ үед ийнхүү хойд хөрштэй хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж буй нь хэр зохистой вэ. Үүнээс үүдэж, Монгол Улс олон улсын хоригт орох юм биш биз гэх болгоомжлол байгаа юм.