-ТӨРИЙН АЛБАНЫХАН УГААРТААГҮЙ ГЭЖ БАЙГААЧ ҮНЭНДЭЭ
УГААРТАЖ НАС БАРАХ ТОХИОЛДОЛ ГАРСААР-
Сайжруулсан шахмал түлшийг аравдугаар сараас худалдаанд гаргаж улмаар гэр хорооллын бүх айл түлж эхэлсэн. Гэтэл ихэвчлэн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн иргэд угаартсан байдалтай нас барсан тохиолдол долоо байна. Мөн угаарын хийнд хордсон иргэдийн тоо 320 хүрээд буй юм. Харин үүнээс хойш дахин нэг иргэн угаартаж нас барж, хоёр иргэн ухаангүй байгаа аж.
Баянзүрх дүүрэгт 29 настай Г эмэгтэй угаартсан байж болзошгүй байдалтайгаар өөрийн гэртээ нас барсан. Тухайн өдөр талийгаачтай хамт түүний аав болон ээж нар хамт байсан бөгөөд одоогоор Хордлогын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17-р хороонд оршин суух 30-60 орчим насны 3 хүн угаартаж, 30 орчим насны эмэгтэй хүн нь нас барсан байна. Хэргийн газарт эмэгтэй 29 настай Г ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Харин талийгаач эмэгтэйн аав болох эрэгтэй 60 настай Ж.Г болон ээж эмэгтэй 60 настай М.Ж нар угаартсан гэх оноштойгоор ЦНТЭ-т хэвтэн эмчлэгдэж байгаа аж.
Уг дуудлагаар НМХГ-ын хэлтсийн дарга, галын байцаагч, галын шинжээч, Нийслэлийн агаарын чанарын албаны ажилтан нар байлцаж шалгалтын ажиллагаа явуулсан. Харин хохирогч нарын гэрээс баримтаар зуухнаас түлшний үнс, сайжруулсан түлш, "Сайжруулсан сайн түлш" гэсэн нэршилтэй шуудай зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Хамгийн харамсалтай нь талийгаач 29 настай Г нь гурван сартай жирэмсэн байсан бөгөөд урьдчилсан байдлаар угаартсан гэх шинжилгээний хариу гарчээ.
Гэртээ гадны нөлөөгүй нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн мэдээлж байгаагаар энэ онд нийтдээ 14 хүн угаартаж нас барсан гэдгийг хэлсэн. Түүнчлэн өнгөрсөн шөнө угаартаж эмнэлгийн байгууллагад хандсан 41 иргэн байгаа тухай албанаас мэдээлж байна.
Ийнхүү угаартаж нас барсан гэх иргэдийн тоо найм болж улмаар хордсон иргэдийн тоон мөн л өдрөөс өдөрт өссөөр байна. Харин албаныхан шахмал түлшинд ямар нэгэн угаартуулах бодис байхгүй. Харин иргэд хэрэглээндээ анхаарах хэрэгтэйг сануулаад байгаа.
Гэтэл иргэдийн зүгээс гэр хороололд 20 жил амьдарсан иргэд маш олон байгаа. Гал түлэхээ мэдэхгүй байна гэж байхгүй. Бид нар түлэх ёстой зааврын дагуу түлсэн ч ийнхүү угаартаад байгаа гэсэн мэдээллийг бидэнд хүргүүлээд байгаа билээ.