ЭХЭМҮТ-д Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа долоон настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн тухай хэвлэлийн хурал хийлээ.
ЭХЭМҮТ–ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа "ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Уг мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонтой хамтран хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын хүн амын 10 хүртэлх хувь нь элэгний хатуурал өвчтэй, нас баралт өндөр улсын тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд элэгний хатуурал өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсээр байгаа. Үүний шалтгаан нь цөсний замын битүүрэл, төрөхийн гажиг байна.
2022 оны байдлаар ЭХЭМҮТ-д элэгний цирроз өвчтэй 83 хүүхэд хяналтад байгаа. Эдгээр 83 хүүхдийн 9 тохиолдолд нь зайлшгүй элэг суулган шилжүүлэх шаардлагатай болоод байна.
2014 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтран хийдэг байсан. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн хамгийн бага настай хүүхэд нь нэг нас нэг сартай хүүхэд байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр зургаан хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан. ЭХЭМҮТ-д хийсэн нь долоо дахь тохиолдол боллоо. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүүхдүүдийн биеийн байдлыг хянаж байгаа. Эх хүүхдийн бие сайн байна. Цаашид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ЭХЭМҮТ-д нутагшуулах зорилт тавин ажиллаж байна" хэмээлээ.