Эрээн-Замын-Үүд боомтоор төмөр замаар тээвэрлэн импортоор ирсэн чингэлгүүдийг буулгах гаалийн хяналтын талбай дүүрч буулгалтын ажил удааширчээ. 2022 оны зургадугаар сарын 21-ний байдлаар Улаанбаатар, Толгойт, Амгалангийн гаалийн хяналтын терминалууд дээр ачаатай болон хоосон бүгд 3124 чингэлэг хуримтлагдаад байна.
Үүнээс гадна УБТЗ-ын өртөөд болон зам зуурт нийт 1250 ширхэг 40 тонны импортын ачаатай чингэлэг талбайд буухаар хүлээгдэн зогссон. Энэ нь төмөр замын өртөөдийн галт тэрэг хүлээн авах, явуулах замуудыг эзлэн зогсож тээврийн ажилд хүндрэл учруулж байгаа юм.
Тиймээс Улаанбаатар, Толгойт, Амгалангийн чингэлгийн терминалуудын ачааллыг багасгах, ачаа хүлээн авагчдад чингэлэг олголтыг шуурхай болгох, тээврийн зардлыг багасгах, төмөр замын өртөөдийн ачааллыг бууруулах зорилгоор импортоор орж ирсэн чингэлэгтэй автомашиныг УБТЗ-ын харьяа Замын-Үүдийн терминалууд болон Сайншанд өртөөн дэх “Зүүн говь ложистик” ХХК-ийн терминал дээр олгох ажлыг зохион байгуулахаар болжээ.
Замын-Үүдэд олголт хийх ажлыг зохион байгуулснаар өдөрт 190 автомашинтай чингэлгийн олголтыг гурван талбайд зэрэг хийх боломж бүрдэх аж.
2022 оны зургадугаар сарын 21-ний байдлаар Замын-Үүд өртөөнд 962 автомашинтай чингэлэг байгаа бөгөөд эдгээр чингэлгийг 5-7 хоногт олгож дуусахаар төлөвлөж байгаа аж.