УИХ-ын гишүүдийг 101 болгон нэмж, жагсаалтаар 25-г, тойргоос 76-г нь сонгох хувилбар яригдаж байна /САНАЛ АСУУЛГА/

УИХ-ын гишүүдийг 101 болгон нэмж, жагсаалтаар 25-г, тойргоос 76-г нь сонгох хувилбар яригдаж байна /САНАЛ АСУУЛГА/

Улс төрийн намууд саяхан /2022.06.09/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/оруулахыг дэмжиж “тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ сарын 18 /2022.06.18/-ны өдрөөс эхлэн долоо хоног тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх юм байна.

Улс төрийн намуудын байгуулсан "Тунхаг бичиг"

-УИХ-ЫН 76 ГИШҮҮНИЙГ ТОМСГОСОН МАЖОРИТАР ТОГТОЛЦООГООР СОНГОХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

Дээрх “тунхаг бичиг”-т тусгагдсан ҮХНӨ-ийн гол агуулга нь УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал гэж байгаа юм. Ингэснээр иргэдийн санал гээгдэхгүй, УИХ-ын гишүүдийн эрх мэдэл багасна гэж тайлбарлаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа 76 гишүүнийг гуравны нэг /1/3/ -ээр нэмэгдүүлж, 101 болгон нэмэгдүүлэн 2024-2028 оны парламентыг ажиллуулах хувилбар яригдаж байгаа аж. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийг “холимог” буюу мажоритарболон хувь тэнцүүлэх тогтолцоо хосолсон байдлаар хийх талаар яригдаж байгаа аж. Ингэхдээ парламентын 25 гишүүнийг улс төрийн намын авсан саналд нь  хувь тэнцүүлэн хөрвүүлэн сонгох бол, 76 гишүүнийг “томсгосон мажоритар” буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандат /хуучнаар нь/-тай хийхээр төлөвлөж байгаа аж.

Товчхондоо, УИХ-ын гишүүдийн тоог 101 болгон нэмэгдүүлж, 25 гишүүнийг жагсаалтаар, 76 гишүүнийг тойрогт нэр дэвшүүлж сонгоно гэсэн үг.

-НҮБ-ЫН САНАЛ ХУРААЛТАД “ЭСЭРГҮҮЦСЭН” БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ОРОС ЗЭРЭГ ЗАРИМ ОРНУУД МОНГОЛД САНУУЛЖ БАЙГАА ЮУ-

Мөн “тунхаг бичиг”-т Үндсэн хуулийг өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хийх нь “Хурдтай өөрчлөгдөж байгаа олон улсын шинэ нөхцөл байдалд Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг бэхжүүлэх явдал” хэмээн онцолж байгаа юм. Учир нь Орос, Украины дайны байдлаас үүдэн олон улсад геополитикийн асуудал хурц хөндөгдөх болсон. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Украины энгийн иргэн, иргэний байгууламжуудыг хамгаалах, дайны галыг даруй зогсоохыг уриалсан тогтоол батлах эсэх асуудлаар санал хураалт явуулахад Монгол Улс “түдгэлзсэн” байр суурийг илэрхийлсээр байгаа.

Тодруулбал, сүүлд /2022.03.25/ явагдсан санал хураалтад НҮБ-ын 190 гишүүн орноос 140 нь дэмжсэн бол, 38 улс түдгэлзэж, Сири, Беларусь, Хойд Солонгос, Эритрей, Орос зэрэг 5 улс эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн.

Иймд барууны улс орнууд манай улсыг “ардчилсан орон” гэдгээ харуулж ОХУ-ын эсрэг “дэмжсэн” санал өгөхийг уриалж байгаа бол, манай хоёр хөрш /Орос, Хятад/ тэргүүтэй зарим орнууд НҮБ дээр “эсэргүүцсэн” байр суурь илэрхийлэхийг анхааруулж байж болзошгүй юм. Энэ мэт олон улсад хурдтай өөрчлөгдөж байгаа шинэ нөхцөл байдалд эцсийн шийдвэрийг УИХ гаргах тул ҮХНӨ-дөд ард түмнээ бүрэн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн санал жигд тусгалаа олдог олон улсын жишигт нийцүүлэх, популист улс төрөөс татгалзах гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа бололтой.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

Нийт: 1 саналтай