Өнгөрсөн долоон хоногт Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргасан. Тэгвэл тус хуулийн тогтоолын төсөлд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд Н.Ариунзаяа мэдээллээ.
Тэрбээр “Нэг сая ба түүнээс доош цалин орлогоор нийгмийн даатгал төлж байгаа иргэд эхлээд шимтгэлээ төлөх ёстой. Үүний дараа сард буцаан олголт хийгдэнэ гэдэг агуулгаар хуулийн төсөл өргөн баригдлаа. Энэ хууль хэрэгжсэнээр албан журмын нийгмийн даатгалын төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагчийн 147 мянган хүн хамрагдах юм байна. Үүнд төсвөөс нийт 172 тэрбум төгрөг буюу 2022 оны төсөв дээр 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг тавигдаж байна. Төсвөөс буцаан олголт хийгдэнэ гэсэн үг. Иргэн эхлээд төлнө. Төлсөн хэмжээнээс нь буцаан олголтыг дараа сард нь олгоно.
Өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй. Нэг сая ба түүнээс доош цалинтай, яг өнөөдөр бага цалинтай байгаа, үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа иргэд хамрагдана.
Анх танилцуулахдаа хувийн хэвшил, төсөвт байгууллага, орон нутгийн байгууллага хамрагдахгүй гэсэн. Үүний дараа маш олон гомдол, санал 1111 утсанд ирсэн. Төрийг албыг ялгаварлах нь буруу гэсэн агуулгаар хүмүүс гомдол хэлж байна" гэв. Хуулийн төслийг өнөөдөр УИХ хэлэлцэх юм.