ОХУ Украины газар нутагт түрэмгийлэл үйлдэж, цэргээ оруулсан явдлыг олон улс орнууд буруутгаж Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авсаар байна. Тухайлбал, АНУ болон Европын орнууд банк санхүү, тээвэр ложистикийн хориг арга хэмжээнүүдийг авч, ОХУ-ын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж буй.
Энэ нь манай улсын тээвэр болон бусад салбарт ч муугаар нөлөөлж байгаа юм.
Тэгвэл саяхан Таван Богд компани АНУ-аас хүнсний бүтээгдэхүүнд ашиглах “бяслаг” импортолж ОХУ-ын Владивосток хотын боомтоор дамжуулан Монголд оруулах гэсэн ч Оросын тал Америкаас импортолсон тус бүтээгдэхүүнийг боомтоороо нэвтрүүлэхээс татгалзаж устгасан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.
Энэ нь АНУ-аас ОХУ-д тавиад буй хоригтой холбоотой аж. Мөн БНХАУ-ын хил хаалттай байгаа тул Таван Богд компани Америкаас авсан импортын бүтээгдэхүүнээ ОХУ-ын Владивосток хотын боомтоор нэвтрүүлэхийг зорьсон нь энэ бололтой. Сонирхуулахад, Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалд хашиж байхдаа ОХУ-ын Владивосток хотын “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, тус боомтоор Тавантолгойн нүүрсийг далайд гаргана гэж мэдэгдэж байсан билээ.