УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт "Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ үе шаттай, төлөвлөгөөний дагуу хийнэ. Энэ хүрээнд Шинэ Зуун мод хот руу зарим төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ. Нэгдсэн байрын зураг төслийг боловсруулах ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газар дээр төрийн байгууллага байршихгүй. Өөр бүсэд байршина.
33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ зургаан төрлийн дэд бүцтийн ажлуудыг хийнэ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар байна. Инженерийн бэлтгэл ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан сувгууд, борооны ус зайлуулах шугам сүлжээ хийнэ. Ариутгах татуургын шугам сүлжээний хүрээнд 3000 метр кубийн цэвэрлэх байгууламж барих зураг төсөл хийж байна. Зуун мод болон шинэ нисэх онгоцны буудлын ус хангамжийн эх үүсвэрийг гүний цооногоос авч байна. Үүнийг өргөтгөж нэмэгдүүлээд тэндээсээ усаа авна.
Цогц байдлаар нь харахгүй зөвхөн хилийн боомт дээрх бүтээн байгуулалтыг дутуу хийж ирснээс асуудал үүссэн. Өмнөх алдаанаас харахад ч тэр боомтуудаа байгуулахдаа хамгийн эхэнд хүмүүст газрууд олгосон. 500 га газарт нэг компанид 100 га талбай олгосон байх жишээний. Энэ нь буруу учраас зөв дарааллаар явахын тулд чөлөөт бүсүүд дээр байгаа газар олголтыг зогсоосон. Өмнө нь дэс дарааллын хувьд алдаа гарсан нь үнэн. Энэ алдааг Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд давтахгүй" гэсэн юм.