Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” групп Канадын "Туркойз Хилл Ресурс"(TRQ.TO) компанийн 49 хувийг 2,7 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсан билээ.
“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн нийт энгийн хувьцааны 50.8 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлсэн юм. 49 хувийн хувьцааг 2,7 тэрбум ам.доллароор худалдан авахдаа нэгж хувьцааны ханшийг нь 34 канад доллароор үнэлсэн .
Тэгвэл Туркойз Хилл (TRQ.TO) компанийн томоохон хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” Рио Тинтогийн 2.7 тэрбум ам.долларын саналаас татгалзжээ. Тэдний зүгээс Риогийн санал болгосон үнийг хэтэрхий бага хэмээн үзсэн байна.
Энэ талаар “Macquarie” банкны шинжээчид Рио Тинто зорилгодоо хүрэхийн тулд санал болгосон нэгж хувьцааны ханшаа 34 канад доллараас 44 болгож өсгөх ёстой гэж үзжээ. Хэрэв “Туркойз Хилл” саналыг хүлээн авбал “Рио Тинто” Монгол дахь Оюутолгойн уурхайн 66 хувийг шууд эзэмшинэ гэсэн үг. Харин Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг группийн зүгээс онцолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters