Гашуунсухайт боомтоор ирэх сарын 1-ээс 300 тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг болно

Гашуунсухайт боомтоор ирэх сарын 1-ээс 300 тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг болно

Цар тахлын үед хилийн боомтын хэввийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 3 дугаар сарын 22 -ны өдөр Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээварлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16 -наас зогсоод байсан. Харин шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан шинэ тушаалаар зохицуулалт хийж, ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгон, дотоодын халдварыг эрс бууруулснаар хоёрдугаар сарын 22 -ноос өдөрт 20 чингэлэг тээвэр хилээр нэвтэрч эхэлжээ.

Монгол талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12 -ноос өдөрт 30 чингэлэг тээврээр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн байна. Ирэх дөрөвдүгээр сэрын 1 -нээс нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ -ын талаас илэрхийлсэн тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт боомтын хувьд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг боомтын зөвлөлөөс уламжлав.

Цаашид боомтын ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж, бүтээн байгуулалтын улиралд экспорт, импортыг тасалдуулахгүй байхад анхаарах, мөн Шивээхүрэн, Ханги, Боршоо, Булган зэрэг бусссад боомтуудыг нээж ажиллуулах төлөвлөгөөг тодорхой хугцаатай гаргаж танилцуулахыг Шадар сайд үүрэг болгосон тухай Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.