Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монголбанкны зарласан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2910 төгрөг байна. ОХУ Украин улс руу довтолж, дайн эхлүүлсний дараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан. 3.9 тэрбум ам.доллар нь 2021 оны эхнээс хойших хамгийн бага дүн юм. Төв банк ам.доллар хэвлэдэггүй учир хэд, хэдэн шалтгааны улмаас ам.долларын нөөц багассан.
Төв банк банкуудад ам.доллар нийлүүлэхгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Энэ ташаа мэдээлэл. Бид өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг нийлүүлсэн.
Урд хөрш Ковид-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа. Үүний улмаас өнгөрсөн тавдугаар сараас эхлээд нүүрсээ гаргаж чадахгүй байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч эхэлж байна. Төв банкны зүгээс энэ асуудал тодорхой хугацааны дараа тогтворжино гэж харж байгаа.
2022 оны хоёрдугаар сарын байдлаар импортод зориулан 1.376 сая ам.долларын төлбөр тооцоо хийгдсэн байна. 376 сая ам.долларын таван хувь нь автомашин, 55 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 12 хувь нь барилгын материал, 14 хувийг хүнсний бараа эзэлж байна" гэв.