Одоогоос хоёр жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд “Car City” буюу эргэдэг авто зогсоол баригдаж байв. 16 автомашины багтаамжтай уг зогсоолыг Нийслэлийн авто сангаас нийтдээ 655 сая төгрөгийг төсөвлөж бариулсан байдаг. Гэвч баригдаж дууссан ч өнөөг хүртэл ашиглалтад оролгүй хоёр жил үзмэр болоод хэвтэж байгаа юм.
ВИДЕО:
Ашиглалтад тийнхүү орохгүй байгаа шалтгааныг туслан гүйцэтгэгч "Ай Ти Партнерс" компани “Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд мөрддөг авто зогсоолын “стандарт”-д өөрчлөлт оруулж байж, ашиглах шаардлагатай гэж үзсэн” хэмээн тайлбарлажээ. Улаанбаатар хотын иргэдэд өдөр тутамд тулгардаг хүндрэлтэй асуудлуудын нэг бол яалт ч үгүй автомашины зогсоолын асуудал. Ялангуяа эмнэлэг, төрийн үйлчилгээний байгууллагуудын зогсоол хүрэлцээгүй байдгаас иргэд цагаа алдаж, автомашинаа ачуулах тохиолдол ч цөөнгүй гардаг. Гадаадын хөгжингүй орнууд зогсоолын асуудлаа энэ мэт технологийн дэвшлээр шийддэг бол манайх барьж дууссан ганцаа ашиглалтад оруулчхаж чадахгүй байгаа нь харамсалтай. Уг нь Монголд давхар зогсоолын дүрэм бий. Гэвч яг эргэдэг төрлөөр хийгдсэн зогсоолын зохицуулсан дүрэм байдаггүйгээс ийнхүү 655 сая төгрөгийн бүтээн байгуулалт ашиглалтад оролгүй саатаад байна.