СУРВАЛЖИЛГА: Сүүний үнэ нэг сарын дотор 200-300 төгрөгөөр, цагаан будааны үнэ 400 төгрөгөөр нэмэгджээ

СУРВАЛЖИЛГА: Сүүний үнэ нэг сарын дотор 200-300 төгрөгөөр, цагаан будааны үнэ 400 төгрөгөөр нэмэгджээ

Өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсөж байгаад иргэд багагүй бухимдаж байна. Цар тахлын улмаас урд хөрш хилээ хааж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь нууц биш. Мөн сүүлийн өдрүүдэд Орос-Украины хооронд үүсээд буй асуудлын улмаас барааны үнэ нэмэгдсэн хэмээн багагүй иргэн цахим сүлжээнд бичиж байна. Тиймээс бид зах, худалдааны төв болон супермаркетуудад өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сурвалжиллаа.

-СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД СҮҮ, ЦАГААН БУДААНЫ ҮНЭ ӨССӨН БОЛ ТАЛХНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ГЭВ-

Бидний эхний зогсоол Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх Их тойруу худалдааны төв байлаа. Тус худалдааны төвд сүү сүүлийн долоо хоногт 200-300 төгрөг болж нэмэгджээ. Тодруулбал,

  • Дээж сүү өнгөрсөн сард 3000 төгрөг байсан бол одоо 3200 төгрөг
  • Миний Монголын сүү 3000 төгрөг байсан бол 3300 төгрөг болж нэмэгдсэн байна. 

Сүү, цагаан идээний худалдаа эрхлэгч М “Сүү, тарагны үнэ өчигдөрхөн 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн сард 2800 төгрөгөөр ирээд бид худалдааны ашгаа нэмэн 3000 төгрөгөөр зардаг байсан. Нийлүүлэгчийн зүгээс хил хаалттай, сав баглаа боодол авч чадахгүй байна гэсэн шалтаг хэлж байгаа. Сав баглаа боодлоос болоод нийлүүлэлтийн тоо ч багассан” гэв.

Талхны үнийн хувьд өнгөрсөн есдүгээр сарын 1-ээс хойш тогтвортой байгаа аж. Худалдаа эрхлэгчийн хэлж буйгаар 1200 төгрөгөөр зарагдаж байсан Атар талх өнгөрсөн есдүгээр сард 1500 болж нэмэгдсэн. Мөн

  • Мишээл талх 1900-2000 төгрөг байсан бол 2100 төгрөг
  • Онцгой талх 1700-1800 төгрөг байсан бол одоо 1900 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд есдүгээр сараас хойш үнэ тогтвортой байгаа гэв.

Гурилны үнэ Цагаан сараас хойш тогтвортой байгаа аж. Их Тойруу худалдааны төвд Алтан тариан 1 кг гурил 1500 төгрөгөөр зарагдаж байна.  Худалдан авагч ихтэй “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1600-аас 1800 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1700 төгрөг, 1-р зэргийн гурил 1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Харин цагаан будааны үнэ өсжээ. Тодруулбал, Их Тойруу худалдааны төвд 1 кг цагаан будааны үнэ нэгдүгээр сарын 20-ны өдөр 3000 байсан бол одоо 3400 төгрөг болтлоо өссөн байна. Том хэмжээгээр савлагддаг цагаан будаануудын үнэ ч өссөн аж. Тухайлбал, 5 кг-ын савлагаатай “Сакура” цагаан будаа 26 мянгаас 30 мянган төгрөг болж нэмэгджээ. Худалдан авагч ихтэй “Барс худалдааны төв”-д 1 кг цагаан будаа хамгийн хямд буюу 3000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5000 төгрөгөөр “Хар хорин зах” худалдаалж байна. Үүнээс гадна саяхнаас ОХУ-аас орж ирдэг зарим  нэр төрлийн бүтээгдэхүүн тодруулбал, бэлэн гоймон, хоол амтлагчуудын үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн талаар худалдаа эрхлэгчид ярьж байлаа.

-СУПЕРМАРКЕТ, ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮДЭД ЗАРИМ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС 200-400 ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ БАЙНА-

Үргэлжлүүлэн бид Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах хэд хэдэн супермаркетуудад эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сурвалжилсан юм. Учир нь иргэдийн зүгээс супермаркетууд зах худалдааны төвөөс илүү барааныхаа үнийг нэмж худалдаалдаг талаар хэлж байв. Ингэхэд сүүний үнэ мөн л өмнөх сараас 400-500 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал,

  • Миний Монголын сүү Цагаан сарын баярын өмнө 2800 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 3300 төгрөг,
  • Дээж сүү 3200 төгрөгөөр зарагдаж байсан бол 3500 төгрөөрөөр зарагдаж байна.

Мөн өндөгний үнэ сүүлийн долоон хоногт 50-100 төгрөг нэмэгдсэн байна. Худалдаа эрхлэгч Г “барааны үнэ ер нь тогтмол нэмэгдэж байгаа. Бараа татах болгонд л аль нэг бүтээгдэхүүний үнэ их бага хэмжээгээр нэмэгдэж ирдэг. Шатахууны үнэ өсөж байгаа цагт барааны үнэ нэмэгдэх нь аргагүй шүү дээ” гэсэн юм.

Мөн цагаан будааны үнэ өссөн байна. Тодруулбал, нэг кг цагаан будааны үнэ өмнөх сараас 300-500 төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.

Харин талхны хувьд цагаан сарын өмнө 100-150 төгрөгөөр нэмэгдсэн аж. Тухайлбал,

  • Мишээл талх-2000-2100
  • Атар талх-1400-1550 төгрөг болж нэмэгдсэн байна.

Нийслэлийн статистикийн газрын төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 13 нэрийн барааны үнэ өсжээ. Тодруулбал,  

  • Алтан тариа задгай, дээд (1,635₮)
  • Алтан тариа задгай, 1-р зэрэг (1,413₮)
  • Алтан тариа савласан, дээдийн дээд гурил (2,508₮)
  • Цөцгийн тос (6,578₮)
  • Хонины мах, ястай (12,533₮)
  • Хонины мах, цул (13,120₮)
  • Үхрийн мах, ястай (14,225₮)
  • Үхрийн мах, цул (15,833₮)
  • Монгол төмс (1,168₮)
  • Монгол лууван (3,159₮)
  • Байцаа (2,729₮)
  • Манжин (3,728₮)
  • Өндөг, ОХУ (415₮)-ний үнэ өссөн байна.

Орос-Украины хооронд үүсээд буй асуудлын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн хэмээн зарим иргэн үзэж байгаа юм. Харин худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар одоогоор дайны нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн огцом өсөлт ажиглагдаагүй байна. Гэвч зарим эдийн засагч дайнаас шалтгаалсан үнийн өсөлт аажмаар манай дотоодын зах зээлд нөлөөлж эхэлнэ гэдгийг хэлж байгаа юм.