“Рио Тинто” групп “Туркойз Хилл Ресурс”-ийн 49 хувийг $2,7 тэрбумаар авч, Оюутолгойн 66%-ийг шууд эзэмших санал тавьжээ

“Рио Тинто” групп “Туркойз Хилл Ресурс”-ийн 49 хувийг $2,7 тэрбумаар авч, Оюутолгойн 66%-ийг шууд эзэмших санал тавьжээ

“Рио Тинто” групп Канадын "Туркойз Хилл Ресурс" (TRQ.TO) компанийн 49 хувийг 2,7 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсан талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Хэрэв “Туркойз Хилл” саналыг хүлээн авбал “Рио Тинто” Монгол дахь Оюутолгойн уурхайн 66 хувийг шууд эзэмшинэ гэсэн үг юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг тус компани онцолжээ.

“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн нийт энгийн хувьцааны 50.8 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ мэдэгджээ. 49 хувийн хувьцааг 2,7 тэрбум ам.доллароор худалдан авахдаа нэгж хувьцааны ханшийг нь 34 канад доллароор үнэлсэн байна. Одоогоор “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 25.6 канад доллар байна.

Рио Тинтогийн зүгээс саналыг хүлээн авснаар Оюутолгойн эзэмшлийн бүтцийг хялбарчилж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

“Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тохиролцоонд хүрэхээсээ өмнө Оюутолгойн төслийн санхүүжилтийн асуудлаар санал зөрөлдөж байв. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг “тэглэх”-д жижиг хувьцаа эзэмшигчид ихээхэн шүүмжилж байсан юм. Мөн нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Одоогоор хоёр тал саналтай холбоотой эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. Хэрэв “Turquoise Hill Resources”-ийн бусад хувьцаа эзэмшигч энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд “Оюутолгой” төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдах юм. Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд энэ талаар “"Энэ бол шударга санал. Мэдээжийн хэрэг хувьцаа эзэмшигчид үүнийг шийдэх болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Рио Тинтогийн албан ёсны мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.