ВИДЕО: “Найман шарга“ зах ам.долларын хомстолд орж, үнэ нь өсжээ

ВИДЕО: “Найман шарга“ зах ам.долларын хомстолд орж, үнэ нь өсжээ

Манай хойд хөрш ОХУ олон улсын “эдийн засаг, бизнесийн хориг”-т орсон тул рублийн ханш нь унаж, ам.долларын хомстолд ороод байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл валют арилжааны "Найман шарга" зах дээр өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

Иргэдийн ихээр үйлчлүүлдэг валют арилжааны дээрх төв ам.долларын хомстол үүссэн хэвээр байгаа аж. Тиймээс ч үнэ нь даруй 10-12 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 2910 төгрөгөөр худалдаалж байсан ам.доллар 2920-2922 болж өгчээ. Энэ нь ам.долларын нийлүүлэлттэй холбоотой гэдгийг ченж нар онцолж байна. Харин рублийн ханш тогтвортой байгаа аж. Тодотговол гуравдугаар сарын 7-ны өдөр 30 төгрөгөөр худалдаалж байсан рубль өнөөдөр 30.5 төгрөгийн ханштай байна.

Уг нь дээрх төвийн ченж нар энэ сарын 10-ны өдөр “Монголбанк энэ долоо хоногт банкууд руу валют нийлүүлнэ байх. Тиймээс хомстол арилж, долларын ханш суларч магадгүй” гэх мэдээллийг өгч байсан юм. Гэвч нөхцөл байдал хэвээр байгаа бөгөөд ханш бага зэрэг өсчээ.  

Тиймээс ченж нараас банкнууд доллар зарж байгаа эсэх, нийлүүлэлт яагаад нэмэгдэхгүй байгааг тодруулахад “Бид яриа өгөхөөр эрсдэлд ордог. Хаанаас, хэн гэгч нь мэдэхгүй хүн орой үдэш гарч ирээд бидэнд халдах тохиолдол гардаг. Нэлээд олон удаа ч гарч байсан.  Тиймээс дуу, дүрс авахгүй байхыг хүсэж байна” гэх тайлбарыг хэлээд зарим нэгэн мэдээллийг өгөв. Ченж, “Долларын нийлүүлэлт байхгүй болохоор үнэ нь өссөн хэвээр байна. Үүнийг бид арилжааны банкууд бус Засгийн газар бодлогоор бариад байна гэж хардаж байгаа. Саяхан тэтгэвэр тэтгэмж нэмсэн. Тиймээс ч төгрөгийг сул байлгаж, долларыг өндөр хэвээр барьж байна гэж ойлгоод байгаа. Ер нь цагаан сараас хойш л долларын хомстолд орсон. Цаашид ч төдийлөн сулрахгүй байх гэж таамаглаж байна” гэлээ.

Харин долларыг ОХУ-ын иргэд ихээр худалдан авч хомстол үүсгээд байгаа гэх мэдээллийг тодруулахад “Оросууд доллар худалдан авах нь авч л байна. Гэхдээ яг өнөөдрийн үүсээд байгаа нөхцөлд хүртэл нь худалдан аваад байна уу гэвэл өрөөсгөл ойлголт болно. Харин рублийн ханш суларсан учраас өөрсдийн гар дээр байгаа рублиэ доллар болгохыг л хүсэж байх шиг байна” гэх хариултыг өгч байлаа. Ямартай ч “Найман шарга“ төвд долларын хомстолд орсон хэвээр үнэ өссөн бага зэрэг нэмэгдсээр байна.