Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг саяхан эхлүүлсэн. Тэгвэл хоёр дахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрсөн Баасан гараг /2022.03.11/-т эхлүүллээ.
Ингэснээр хагас жилийн дотор уг чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байгаа юм.
-ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ҮР ӨГӨӨЖТЭЙ ВЭ-
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Тэгвэл Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтой юм. Тэгвэл тус төмөр зам ашиглалтад орсноор ямар ашигтай, эдийн засгийн үр дагавар нь юу байх тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.
Үүнд:
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг 20 сая тонноор нэмэгдүүлж, Монгол-Хятадын хилийн төмөр замын хоёр дахь шинэ гарцтай болно.
- Сайншандаас БНХАУ-ын Бугат хотын чиглэлд төмөр замын тээврийн зай 242 км-ээр богиносож, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 ам.доллароор буурна.
- Монголын нутгаар тээвэрлэх зай 146 км-ээр нэмэгдэж, Хятадын нутгаар тээвэрлэх зай 388 км-ээр багасна. Төмрийн хүдрийн Хятадын нутаг дэвсгэр дэх төмөр замын тонн тутамд 9.4 ам. доллароор буурч, / өнөөгийн тээвэрлэлтийн хэмжээгээр тооцоход жилд 66 сая ам доллар/,
- Монголын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 6 ам доллароор нэмэгдэж байна. /жилд 7 сая тонн тутамд 42 сая доллар/. Ингэснээр гадагшаа чиглэсэн валютын урсгал дотоодод үлдэх нөхцөл бүрдэнэ.
- Төмөр замын трассын дагуух ашигт малтмал /нүүрс, зэсийн баяжмал/-г тээвэрлэх, өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээ шаардлагыг хангана. Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж эрчим хүчний нүүрс экспортлох боломж бүрдэнэ.
- Дорноговь аймагт 1300 орчим ажлын байр шинээр бий болж, төмөр замын дагуу суурьшлын бүстэй болно.
- Хүрээлэн буй орчинд ээлтэй төмөр зам баригдсанаар малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасаж, бүс нутгийн авто тээврийн осол, зөрчил буурна.
- Бусад салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн макро үзүүлэлтэд эерэг нөлөө бий болно.
- Мөн энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
-ХАНГИ-МАНДАЛЫН ТӨМӨР ЗАМЫН БООМТЫН ТАЛААР САЛБАР, САЛБАРЫН УДИРДАГЧ, ТӨЛӨӨЛЛҮҮД ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ-
Монгол Улсын Ханги боомтыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг салбар, салбарын удирдагч, төлөөллүүд хэрхэн дүгнэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам юм. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдсоноор Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх болно” гэв.
Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөрзам, Ханги төмөр замын боомт ашиглалтад орсноор нүүрс, төмрийн хүдэр, зэсийнбаяжмалын экспортын тээврийн зардал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ханги боомт нь байршлын хувьд Бугат, Ордос орчмын үйлдвэрүүдэд ойр юм. Байршлын давуу тал ньманай уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх өргөн боломж, өрсөлдөөнийтаатай нөхцөлийг бий болгоно” гэжээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Боомтын шинэчлэлийн хүрээнд “Үндэсний төмөр замын сүлжээ" бий болгох ажлууд гараанаас хөдөлж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм” гэсэн юм.