ВИДЕО: Нүүрсний үнэ огцом өсөж $400 давсан ч, манай улс өдөрт ердөө 120 автомашин нүүрс борлуулж байна

ВИДЕО: Нүүрсний үнэ огцом өсөж $400 давсан ч, манай улс өдөрт ердөө 120 автомашин нүүрс борлуулж байна

Одоогоос хэдхэн сарын өмнө нэг тонн нь 269 ам.долларт зарагдаж байсан Тавантолгойн коксжих нүүрсний үнэ Орос, Украины байдлаас үүдэн дэлхийн зах зээл дээр 400 ам.доллараас давж өсөөд байна. Нүүрсний үнэ өссөнд монголчууд баярлах учиртай боловч харамсалтай нь энэ удаа баярлах шалтгаан гарсангүй.

Учир нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор өдөрт 600-700 автомашин нүүрс БНХАУ руу гаргадаг байсан өнөөдөр ердөө 120-150 орчим автомашин болж, нүүрсний экспорт огцом буурчээ.  Энэ нь коронавирусний цар тахлын улмаас БНХАУ хилийн хориг тавьж, өдөрт 100 гаруй жолоочоос PCR шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа зэрэг нь ийнхүү манай нүүрс экспорт буурахад нөлөөлсөн байна.

ВИДЕО:

 

-ТӨМӨР ЗАМАА АЛЬ ЭРТ ТАВЬСАН БОЛ НҮҮРС 400 АМ.ДОЛЛАР ДАВЖ БАЙГАА ЭНЭ ЦАГТ МОНГОЛ УЛС ВАЛЮТЫГ ШУУДАЙЛЖ БАЙХ БАЙВ-

Мөн нүүрс экспортын томоохон боомтын нэг болох Шивээ хүрэнгийн боомыг өнгөрсөн оны аравдугаар сард хаасан нь нүүрсний экспортод багагүй нөлөөлсөн гэдгийг албаныхан хэлдэг. Тус боомтыг коронавирусний халдварын дэгдэлттэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хаасан гэж буй.

Харин хамгийн чухал нь, "Монгол Улсын хил гаалийн боомтын нэвтрэх чадвар, тээвэр ложистикийн асуудлаа шийдэж, төмөр замаа аль эрт барьсан бол урд хөршийн “хязгаарлалтад” орохгүй, ноён долларыг манай улс шуудайлж байх байсан" гэж эдийн засагчид ярьж байна.

Тэгвэл Монгол Улс төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортолж байгаа эсэх, аль боомтоор хэдэн автомашин нүүрс худалдаалж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Элдэвзаяагаас тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улс төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортолж чадахгүй байна. Он гарснаас хойш 1.4 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь цар тахлаас үүдэлтэй БНХАУ-ын талаас тавьж байгаа хилийн хориотой холбоотой. Нэг өдөрт Гашуут сухайт боомтоор 150 орчим, Булганы боомтоор 120 орчим, Хангийн боомтоор 70-80 автомашин нүүрс гарч байна. Сүүлийн үед Шивээ хүрэн-Сэхээ боомтыг нээх асуудал яригдаж байгаа. Энэ боомт нээгдвэл нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Мөн БНХАУ-ын талаас худалдан авч байгаа нүүрснийхээ хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэлтэй байна. Нүүрсний эрэлт их байгаатай холбоотойгоор үнийн өсөлт өндөр байна гэж харагдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан урд хөршид айлчлах үеэрээ нүүрсний экспортыг нэмэгдүүлж, 50-70 сая тоннд хүргэх асуудал яригдсан. Тиймээс бид хил гаалийн боомтын нэвтрэх чадвар, тээвэр ложистикийн асуудлыг нэмэгдүүлснээр одоогийн байгаа уурхай, суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд явахад энэ хэмжээний нүүрсийг экспортлох боломжтой” гэлээ. Ямартай ч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өмнө байгаагүй хэмжээнд хүрч өсөөд байгаа ч Монгол Улс хангалттай хэмжээнд экспортолж чадахгүй байгаа нь харамсалтай.