Манай хойд хөрш ОХУ олон улсын “эдийн засаг, бизнесийн хориг”-т орсон тул рублийн ханш нь унаж, ам.долларын хомстолд орж болзошгүй байна.
Тухайлбал, ОХУ-ын банкуудыг SWIFT системээс гаргасан. Энэ систем нь мөнгийг хил харгалзахгүйгээр, нэг газраас нөгөөд шилжүүлдэг олон улсын санхүүгийн дэд бүтэц юм. Иймд ОХУ байгалийн хий, шатахууны экспортоор дамжуулан SWIFT системтэй холбогддог тул валютын хомстолд орж, инфляц өснө гэж буй.
-АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨЖ БАЙГАА НЬ ОРОС РУУ ЗӨӨЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЗАРИМ ИРГЭД ХАРДАЖ БАЙНА-
Харин ОХУ-ын зах зээл дээр ам.долларын ханш өсөж, эрэлт нэмэгдсэн тул манай зарим иргэд тус улс руу ам.доллар зөөж байж болзошгүй юм. Нөгөө талаар Оросууд Монголд ирж ам.доллар худалдаж аваад байж магадгүй. Ингэсэн тохиолдолд манай улсын эдийн засагт маш хортой. Учир нь манайд валютын ханш өсөх, цаашлаад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй.
Үүнийг олон улсад “инфляц импортлох” гэж нэрлэдэг.
Тэгвэл сүүлийн гурав хоногт “Найман шарга” зах дээр ам.долларын зарах ханш өсөж, 2900 төгрөг орчим болоод байна. Энэ өсөлт нь ч дээрх үйл явдалтай холбоотой байж болзошгүй гэж зарим иргэд хардаж байна. Харин арилжааны банкууд ам.доллар худалдахаа зогсоож, зөвхан валютын зээлд олгож байгаа гэх мэдээлэл ч байна.
-ОХУ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН БАЙГАА-
Мөн Дэлхийн олон улс орон ОХУ-ын агаарын хөлгүүдийг өөрийн орны агаарын орон зайд нэвтрэхийг хориглосон. Харин манай улсын зорчих хөдөлгөөн хэвийн байгаа. Тодруулбал, ОХУ-ын онгоц манайд буух, манай Хүннү айр, Аэро монголиа гэсэн компаниуд тус улс руу нислэг үйлдэж буй. Харин МИАТ нислэг үйлдэхгүй байгаа аж. Учир нь МИАТ-ын даатгалын компани нь “зөвшөөрөхгүй” байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Мөн “Алтан булаг”-ийн боомт нээлттэй байгаа юм. Товчхондоо, хоёр орны иргэд агаар болон газраар Монгол-Оросын хооронд чөлөөтэй зорчиж буй.
Иймд манай улсын хувьд ам.долларын экспортдоо тавих хяналтаа нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүй байна. Тодруулбал, манай улсын хилээр орж, гарахад 7 мянган ам.доллартой тэмцэх хэмжээний валютыг биедээ авч явахыг зөвшөөрдөг. Иймд валютын экспортоо хязгаарлахын тул тавих хяналтаа чангалах шаардлага үүсэж байж магадгүй байна.