Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.02.24/ гаргасны улмаас Украин улс дайны байдалд шилжээд байна.
Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулж, ОХУ-аас зарим олон улсын нислэгүүдийг өөрийн газар нутгаар дамжин өнгөрөх зөвшөөрлийг өгөхгүй байгаа аж.
Тодруулбал, долоо хоног бүрийн бямба гарагт манай улсын “Аэро Монголиа” компани Туркийн Антальяа хот руу тогтмол нислэг үйлддэг. Харин тус нислэг ОХУ-ын Екатеринбург хотоор дайрч нисдэг байна. Тэгвэл энэ долоо хоногт хийх “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Антальяа-Улаанбаатар чиглэлийн нислэгт ОХУ-ын талаас зөвшөөрөл өгөхгүй байгаа аж. Иймд тус нислэгээр Турк улсыг зорих, мөн тус улсаас Монгол Улсад ирэх зарим иргэдэд “саатах эрсдэл” гарч магадгүй байгаа тул, тэд Туркиш эйрлайнс компанийн Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийг сонгож болзошгүй болоод байгаа ажээ. Учир нь энэ чиглэлийн нислэг ОХУ-аар дайрдаггүй байна.