Одоогоос 10 гаруй жилийн өмнө Хан-Уул дүүргийн "Яармаг" нэг эгнээ муу авто замтай, цөөн айлтай "хотын хөдөө” байлаа. Харин 2013 онд улсын мөнгөөр Яармагийн замыг өргөтгөж, шугам дэд бүтцийг нь татсан.
Ингээд авто зам, дэд бүтэцтэй болсон Яармагийн газрыг "газрын наймаачид гялс хашаалж аваад, 1 га газрыг нь нэг сая ам.долларын үнэд хүргэж зарсан" гэдэг. Энд нөгөө л мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй нэр бүхий зарим улс төрчдийн нэр гардаг. Энэ мэт төлөвлөлтгүй газар олголт, газрын наймаанаас болж өдгөө "Яармаг" авто замын түгжрэлийн гол цэг, иргэдийн толгойны өвчин болоод байна. Гэтэл Яармагтай адил муу түүх Хөшигийн хөндийд давтагдах эрсдэл өндөр байна.
ВИДЕО;
-ЗАСГИЙН ГАЗРЫН 307 ДУГААР ТОГТООЛД ЯМАР ГАЗАР ОРСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-
Учир нь Хөшигийн хөндий орчимд 277 иргэн, аж ахуй нэгж олон мянган га газрыг эзэмшдэг байна. Тухайлбал, Дамбын Хишигжаргал гэх иргэн энэ орчимд олон зуун га газрыг авчээ. Учир нь нисэх онгоцны буудлыг түшиглэж, улс мөнгөө гаргаад дэд бүтцээ тавина. Энэ үеэр тэд газраа үнэд хүргэхийг хүлээж байж болзошгүй юм.
Харин өнгөрсөн оны аравдугаар сарын 06-ны өдөр Засгийн газраас 307 дугаар тогтоолыг гаргаж, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ойролцоох Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт орших 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд буюу улс өөрийн эзэмшилд эргүүлэн авах шийдвэрийг гаргасан. Гэтэл 307 дугаар тогтоолд "ямар газар орж байгаа" нь тодорхойгүй байгаа юм.