ЖИЛ БҮРИЙН 8-Р САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГ – ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ
Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хамгийн нандин хоол юм.
Түүнчлэн хүүхдийн биеийн болоод оюуны өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулдаг юугаар орлуулшгүй цорын ганц хүнс гэдэг нь нотлогджээ. Тиймээс ээж ТА хүүхдээ хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Мөн хүүхдийг төрсний дараах эхний зургаан сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, түүнээс хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй юм. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд нэг нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ хоёр нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.
Эхийн сүүний давуу талууд:
1.Хамгийн сайн хоол
Төрснөөс хойших эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…
2. Юугаар ч орлуулшгүй амин дэм
Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.
3. Хоол боловсруулах системийг дэмждэг
Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.
4. Илүү бага натри (давс), уураг
Эхийн сүүний найрлага дахь давс, уураг нь үнээний сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.
5. Харшлах эрсдэл бага
Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.
6. Илүү их кальци ба төмрийн шимэгдэл
Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.
7. Дархлааг дэмждэг
Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.
8. Сэтгэлзүйн хөгжилд ач тустай
Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотнын нандин холбоос үүсэж байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг. Илүү уян зөөлөн хүн болж төлөвшихөд нь эхийн сүү нөлөөлдөг байна.
9. Эхийг хамгаалж байдаг
Хөхүүл эхчүүд савны болон хөхний хавдар тусах эрсдэл бага байдаг.
Хөхний сүү нь дараахь өвчин эмгэгээс хамгаална.
Хөхний сүү нь дараахь өвчин эмгэгээс хамгаална.
– Халдварт суулгалт
– Амьсгалын халдвар
– Гэдэсний үхжилт үрэвсэл
– Чихний халдвар
– Шээсний замын халдвар
– Шүүдэст эмзэгшил
– Гуурсан хоолойн багтраа
– Чихрийн шижин
– Шүдний эмгэг
– Зүрх судасны эмгэг гэх мэт.