“Оюу толгой”-н баяжмалыг шинжилж хянах гэрээг таван жилээр сунгав

“Оюу толгой”-н баяжмалыг шинжилж хянах гэрээг таван жилээр сунгав

Геологийн төв лаборатори, “Оюу толгой” компани хооронд өнөөдөр “Экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хоёр тал гарын үсэг зурав.

Засгийн газрын 2013 оны тогтоолоор "Оюу толгой” компанийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээг гүйцэтгэх" үүргийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хариуцуулсан юм. Тогтоолын дагуу анх 2013 оны 6 дугаар сарын 1-нд “Оюу толгой” компани Геологийн төв лаборатори ТӨҮГ гэрээ байгуулсан. Ингэснээр “Оюу толгой” компанийн экспортод гаргаж байгаа зэсийн баяжмалын багц бүрээс дээж авах, чийг тодорхойлох, шинжилгээнд дээж бэлтгэх, химийн шинжилгээ гүйцэтгэх болон шинжилгээний дүнг илгээх зэрэг ажлыг өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу тасралтгүй гүйцэтгэж иржээ.

Геологийн төв лаборатори нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл “Оюу толгой”-н нийт 6,5 сая орчим тонн баяжмалыг шинжилжээ.  Одоо гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан гэрээг 5 жилээр шинэчлэн байгуулж буйг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу тодотголоо. Шинэчилсэн гэрээгээр Оюу толгойн баяжмалын төлөөлөх дээж бэлтгэл болон шинжилгээний ажлын гэрээг тусад нь байгуулж, хэрэглээний үнийн индекс болон шинжилгээний ажлын олон улсын жишиг үнийг тусгаж буйг онцоллоо. 

Тус лаборатори нь “Оюу толгой” компанийн савласан зэсийн баяжмалд худалдааны элемент болох зэс, алт, мөнгөний агууламж болон дагалдах 20 элементийн агууламжийг химийн сонгодог арга, орчин үеийн багажит шинжилгээний арга зэрэг олон улсад баталгаажсан аргачлалаар тодорхойлж байна.