Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан 20 зээлдэгчийг хуулийн байгууллагуудад шалгуулна

Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан 20 зээлдэгчийг хуулийн байгууллагуудад шалгуулна

Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөөгүй ААН, нэр бүхий хүмүүсийн мэдээлэл олны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны зээлийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож байгаа болон чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцаас 55 хувь нь чанаргүй зээлд хамрагдах эрсдэлтэй байна.

Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Нийт 14 зээлдэгчтэй холбоотой асуудал өнөөдөр хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байна. Тухайлбал, АТГ-т 10 зээлдэгчийн асуудал, Эрүүгийн цагдаагийн албанд гурван зээлдэгчийн асуудал шалгагдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банк танилцуулга хийхдээ шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж асуудал шийдэгдэхэд маш их хугацаа шаардагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Хамгийн ихдээ нийт 69 сар шүүхэд маргаан шийдэгдэж байгаа. Хамгийн гол нь шүүхээс шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлд мөн хугацаа алдаж байгаа асуудлууд байна. Чанаргүй зээлтэй холбоотой шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна.

Өнөөдөр өгсөн танилцуулгаар нэгдүгээр сарын 24-өөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Энэ 20 зээлдэгчтэй холбоотой асуудлыг холбогдох хуулийн байгууллагуудад шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэв.