Ши Жиньпин “Хонины хариу цай” гэх хэллэг түгсэн талаар ярьж, Л.Оюун-Эрдэнэ түүнд “эмээл” бэлэглэжээ

Ши Жиньпин “Хонины хариу цай” гэх хэллэг түгсэн талаар ярьж, Л.Оюун-Эрдэнэ түүнд “эмээл” бэлэглэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 03-08 /2022.02.03-08/ -ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудаст дараах мэдээллүүд гарчээ.

Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Хятадын Комунист намын Төв хорооны Гадаад харилцааны дарга, сайд Сун Тао нартай уулзсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудас болох www.fmprc.gov.cn болон www.idcpc.org.cn сайтуудад хэд, хэдэн мэдээлэл гарчээ.

-ӨВЛИЙН ОЛИМПЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД МОНГОЛЫН ТАЛ ДЭМЖСЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Уулзалтын үеэр “Хятадын тал Өвлийн олимпын наадмыг зохион байгуулахад Монголын талаас ихээхэн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж” байсан талаар дурдсан байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, “Бээжингийн өвлийн олимпыг улстөржүүлэхийг эсэргүүцэж”УИХ-ын чуулганы индрээс мэдэгдэл хийсэн билээ. Түүний энэхүү мэдэгдлийг БНХАУ ихэд сайшааж байгаа талаар Олон улсын зарим хэвлэлүүдэд гарсан. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ, “Хятад, Монголын коронавируст цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, “Хонины хариу цай” гэсэн хэллэг түгээсэн нь хоёр улсын ард иргэдийн найрамдлыг улам гүнзгийрүүлсэн” гэж цохон тэмдэглэжээ.

Учир нь БНХАУ-д цар тахал дэгдэх үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус улсад айлчилж, “30 мянган хонь” бэлэглэсэн билээ. Энэхүү үйл явдлаас үүдэж, БНХАУ-д  “Хонины хариу цай” гэсэн хэллэг гарсан бололтой.

Тэгвэл энэ уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахлын хүнд цаг үед хятадын тал монголын талд яаралтай вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж байна. “Сайн хөршийг алтаар ч сольшгүй” гэдэгчлэн Хятад улс бол Монгол Улсын хувьд алтаар ч сольшгүй сайн хөрш” гэжээ.

-БООМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ-

Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “Хятадын тал хоёр улсын хилийн боомтын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх асуудалд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд юуны түрүүнд хоёр талын боомтоор бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтрүүлэхийг баталгаажуулж, талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

Харин Хятадын Комунист нам /ХКН/-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар уулзах үеэрээ, “хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц үзүүлж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцээр харилцан холбогдох ажлыг эрчимжүүлж, хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдсэн байна. Улмаар Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар БНХАУ-ын дарга Ши Жиньпинд монгол эмээл бэлэглэж, ХКН шинэ зуун жилдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөсөн талаар www.idcpc.org.cn мэдээлжээ.