БНХАУ-д хийж буй Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар “Эрээн, Гашуунсухайт боомтыг нээх” асуудал яригдана

БНХАУ-д хийж буй Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар “Эрээн, Гашуунсухайт боомтыг нээх” асуудал яригдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцож, БНХАУ-д албаны айлчлал хийхээр тус улсыг өчигдөр /2022.02.02/ зорьсон байна. 

Анх Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30 /2021.12.30/ -ны өдөр энэхүү айлчлалынхаа талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэл хийсэн. Тэрээр “олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно. Олимп бол улстөржих сэдэв биш" гэсэн юм. Харин “БНХАУ­-ын тал түүний мэдэгдлийг ихэд сайшааж байна” гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байв. Учир нь Бээжин-2022 өвлийн олимпын наадамд зарим улс орнууд бойктолж буй юм.

-АЙЛЧЛАЛД БАГТСАН Д.СУМЪЯАБАЗАР НИЙТИЙН ТЭЭВЭР, Х.БАДАМСҮРЭН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ГАРГАХ ГАРЦЫГ ЯРИНА -

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлал аль эрт товлогдож, хэлэлцэх асуудлууд болон холбогдох бүх уулзалтуудыг төлөвлөсөн байжээ. Энэ бүхний эцэст тэрээр “УИХ-ын чуулганы индер” дээрээс дээрх мэдэгдлийг хийжээ.

Олимп бол “БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, Эрээн, Гашуун сухайт боомт зэрэг асуудлуудаа ярих” түүний боломж байхыг үгүйсгэхгүй юм.

Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хотын дарга Д.Сумъяабазар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын  16 хүн багтсан байгаа юм. Учир нь цар тахлын энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын бүрэлдэхүүнд 15-20 хүнийг багтаахыг БНХАУ-ын талаас хүссэн аж.

Харин энэ удаагийн айлчлалд багтсан хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх” асуудлыг БНХАУ-ын талтай ярилцах бол, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, “Зэсийн баяжмал гаргах гарцыг хэрхэн яаж нэмэгдүүлэх” гэсэн асуудлыг ярилцах бололтой. Мөн айлчлалын үр дүнд хил нээгдэж, үүний үр дүнд 50 сая тонн нүүрс экспортлох ажлаа хийгээд ирвэл болох нь тэр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд болон тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооны удирдлагуудтай уулзахаар бүх уулзалтуудаа төлөвлөжээ.